ГОВЬ-АЛТАЙ: Хууль, шүүхийн байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙЕсөнбулаг, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт нэгдүгээр сарын 28-нд ажиллаж байна.
Тэрбээр Говь-Алтай аймгийн хууль, шүүхийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, УИХ-аас шүүхийн байгууллагын тухай баримталж буй бодлого, холбогдох асуудлын талаар мэдээлэл өгч санал солилцлоо.
2024 оны зургаадугаар сарын 5-нд батлагдсан Шүүх байгуулах тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Шүүхийн байгууллага стандартад нийцсэн барилга байгууламжид үйл ажиллагаа явуулах хүрээнд УИХ-аас 2025 оны төсвийг хэлэлцэхдээ анх удаа шүүх байгууллагын төсвийг Хууль зүйн байнгын хорооны хянасан саналаар дэмжин баталсан. Ингэснээр шүүхийн байгууллагуудын олон жил угжирсан, шийдэгдэж чадаагүй барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсгийг шийдэж чадсан юм. Тодруулбал, шүүхийн байргүй байсан Архангай, Дархан-Уул аймгийн шүүх, Багануур дүүргийн шүүх, Хялбар ажиллагааны шүүхийн болон Өмнөговь аймгийн шүүхийн барилгын санхүүжилтийг шийдсэн тухай онцлон хэлэв.
Мөн УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслүүдийн талаар танилцууллаа.
Говь-Алтай аймгийн шүүхийн байгууллагын төлөөллийн зүгээс Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсний зэрэгцээ, зохист ачааллаас давсан байдлаар ажиллаж буй тухай болон шүүхийн байранд прокурорын байгууллага нэг дор үйл ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн хуульд шүүхийн байранд шүүхээс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт зөрчигдөж байгаа зэрэг асуудлыг хөндлөө.