ГОВЬ-АЛТАЙ: Нэгдсэн эмнэлэгт бүрэн тоноглогдсон лаборатори бүхий автомашин олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-01-28 12:16:11

Есөнбулаг 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ Нэгдсэн эмнэлэг болон зарим суманд эмнэлгийн бүрэн тоноглогдсон лаборатори бүхий автомашин, тоног төхөөрөмж олголоо. 


Тэрбээр Шарга, Дэлгэр сумын Гуулин тосгонд түргэн тусламжийн автомашин, Зоонозын өвчин судлалд зориулсан хөргөгчийг тус тус олголоо.

 

Говь-Алтай аймгийн зарим сумын Эрүүл мэндийн төв нь шаардлагатай тоног төхөөрөмжгүй, түргэн тусламжийн автомашин нь хуучирсан зэрэг асуудлын улмаас алс хязгаар нутагт амьдран суугаа иргэддээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд хүндрэл учирдаг. Тиймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан эдгээр асуудлыг шийдвэрлэж, сумдын эмнэлгүүд тоног төхөөрөмж, автомашинтай болгож байна.

 

Түүнчлэн, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт явуулын эрт илрүүлгийн 2 автомашин, 2 клоноскопи, хүүхдийн тасагт хүчилтөрөгчийн аппарат, хүчил, шүлт хяналтын монитор, нурууны мэс заслын иж бүрдэл, угаалгын машинд федал, хатаах шүүгээ зэргийг олгохоор болж, хүчилтөрөгчийн шугам татах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр боллоо. Мөн Жаргалан сумын Эрүүл мэндийн төвд эхо аппарат, Төгрөг сумын Эрүүл мэндийн төвд мэс заслын ор, хөргөгч, задлан шинжилгээний иж бүрдэл, түргэн тусламжийн автомашиныг шийдвэрлэв.

Связанные новости