ОРХОН: Инженер болох сонирхолтой сурагчдад Эрдэнэт үйлдвэрийг танилцуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Боловсролын газартай хамтран хэрэгжүүлж буй "Миний мэргэжил-Миний ажил” төслийн хүрээнд Эрдэнэт цогцолбор дээд сургуультай хамтран инженер мэргэжил сонгосон 15 суралцагчийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ашигт малтмалын баяжуулалтын технологи, Уул уурхайн машин тоног төхөөрөмж, Засвар механикын заводын цех зэрэг ажлын байрны нөхцөлтэй танилцуулсан байна.
Сурагчид өөрийн сонирхсон мэргэжлээр ажлын байрны нөхцөлтэй танилцсанаар сонгосон мэргэжлийнхээ онцлогийг илүү мэдэж ойлгох, сул болон давуу тал, ямар ур чадвар шаардах талаар илүү ойлголттой болсноо ярьж байлаа.
Эрдэнэт үйлдвэрийн хувьд 7200 гаруй ажиллагсадтай бөгөөд инженер, техникчид бэлтгэдэг "Эрдэнэт цогцолбор" Шинжлэх ухаан технологийн дээд сургууль жилд 500-600 гаруй инженерийг бэлтгэн үүнээс 56 хувь нь Эрдэнэт үйлдвэрт ажилд ордог гэсэн дүн мэдээ байдаг.