Венесуэлийн эрх баригчид Америкийн зургаан иргэнийг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-02-01 14:12:22

ВАШИНГТОН,  2025 оны хоёрдугаар сарын 1 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай даалгавраар  Венесуэл улсад айлчилсан Ричард Гренелл Америкийн зургаан иргэн суллагдсан тухай мэдэгджээ. 


"Бид Америкийн иргэдийн хамт гэр рүүгээ явж байна" гэж Гренелл олон нийтийн X сүлжээнд бичээд уг зургаан хүний хамт онгоцонд авахуулсан зургаа нийтэлсэн байна. 


Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон АНУ-ын Ерөнхийлөгчийн элч нарын уулзалт харилцан хүндэтгэсэн уур амьсгалд болж, хоёр талын харилцааны янз бүрийн асуудлыг хэлэлцсэн гэж Венесуэлийн Гадаад хэргийн яам өмнө нь мэдээлжээ.


АНУ-ын Төрийн департамент мэдээлэхдээ, Ерөнхийлөгчийн элч төлөөлөгч Венесуэлийн хууль бус цагаачдыг нутагт нь буцаах, Америкийн хэд хэдэн иргэнийг суллах асуудлыг Каракаст хэлэлцэж байна гэжээ. Р.Гренелл Каракас руу явсан нь АНУ-ын засаг захиргаа Николас Мадурог Венесуэлийн ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрч байна гэсэн үг биш гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт сэтгүүлчдэд зориулсан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. 


2019 онд АНУ-ын эрх баригчид Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог тус улсын ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрсний дараа Венесуэлийн тал АНУ-тай харилцаагаа тасалсан юм. 2015 оноос эхлэн АНУ болон тус улсын холбоотнууд Венесуэлийн эсрэг 930 гаруй хориг арга хэмжээ авчээ. 




Связанные новости