Энэ онд 208.1 га газрыг чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-03 14:58:59

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, үйл ажиллагааны хүрээнд энэ онд 208.1 га газрын 3,949 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөөд байна.


Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нөлөөлөлд өртсөн нэгж талбаруудын газар, эд хөрөнгийн үнэлгээ хийх, тусгай зөвшөөрөл бүхий компанийг сонгон шалгаруулах, худалдан авах ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байгааг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр дурдав.


Мөн, нийслэлд авто замын бүтээн байгуулалт, засвар, шинэчлэлийг 7 дугаар сар, Зайсангийн гүүрний засварыг зургаадугаар сараас өмнө дуусгах үүрэг даалгавар өгсөн. Хуучин гүүрийг дөрөвдүгээр сарын 1-ний дотор буулгаж, шинэ гүүрийг зургаадугаар сард барьж дуусгах аж.


Бусад үүрэг даалгаврын хэрэгжилтээс дурдвал,

-“Улаанбаатар метро” төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч буюу төслийн (EPC) түлхүүр гардуулах гэрээний нөхцөл бүхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийн I үе шатыг зохион байгуулсан. Энэ оны 2 дугаар улиралд тендерийн II үе шатыг зохион байгуулж, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахаар төлөвлөөд байна.


-Улаанбаатар трамвайн ТЭЗҮ, загвар зургийн ажлыг энэ оны 2 дугаар улиралд дуусгаж, томсгосон төсвийг магадлалаар баталгаажуулна.


-Улаанбаатар хотын "Шинэ их тойруу" хурдны зам төслийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулна.


-Сэлбэ дэд төв, Сүхбаатар дүүрэг, Дэнжийн 1000 дэд төвийн ДЦС-ын ажил, Сүхбаатар дүүрэг, Орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөө, Баянгол дүүрэг Нарны замын баруун, Төмөр замын зоориноос урагш Тээвэрчдийн гудамжтай холбох авто зам, нүхэн гарцын трасст өртсөн 43 нэгж талбарт нөхөх олговор олгоод байна.

Связанные новости