“Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-02-07 14:27:22

Улаанбаатарр, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, Отгонтэнгэр их сургууль хамтран ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж буй “Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээний нээлт Төрийн ордонд өнөөдөр боллоо.

 

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэтгэлцээний тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 100 жилийн ойг 2024 онд тэмдэглэсэн. Энэ хүрээнд Карл Попперын мэтгэлцээний тэмцээнийг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд явуулж буйгаараа онцлогтой гэлээ. Мөн тэрбээр, 100 жилийн өмнө 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Монголын аймаг хошууд ардын цэргийн ангиас сонгогдсон 77 төлөөлөгч, Улсын анхдугаар Их Хурлаар чуулж, анхны Үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах улсыг тунхагласан түүхтэй. Анхдугаар Үндсэн хуулийн эх бичвэр Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагддаг. Анхдугаар Үндсэн хуулийн төрийн эрх зүйн ач холбогдол нь хаант ёсыг ард түмний засаглал болгон сольж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршдогийг онцлон тэмдэглэсэн юм.

 

Одоогоос 100 жилийн өмнө бидний өвөг дээдэс маань Үндсэн хуулиа хэлэлцэн батлахдаа хүүхдийн эрх, сурах эрхийн талаар хөндөн хэлэлцэж, бүх хүүхэд сурах эрхтэйг зарлан тунхагласан агуулгатай заалт оруулж байсан сонирхолтой баримтаас тэрбээр дурдаад, 1924 оноос хойш Үндсэн хуулийнхаа бүтэц, бичвэр, агуулга, мөн чанарыг тасралтгүй хөгжүүлж ирсэн түүхээс хуваалцлаа. Үндсэн хуулийн мэдлэгийг түгээх нь тухайн улсын иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх ардчилал, хүний эрхийн хамгаалалтыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой тул “Санан тунхаглах ирээдүй” сэдэвт Карл Попперын мэтгэлцээний үндсэн зорилго нь бүхэлдээ Үндсэн хуулиа мэдэж, ойлгодог, ардчилсан нийгэм парламентын засаглалаа уг үйлдлээрээ хамгаалж чаддаг идэвхтэй иргэдийг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болно хэмээн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэв.

 

Гурван өдөр үргэлжлэх уг тэмцээнд нийт 128 баг “Сонгуульд санал өгөх насыг бууруулах эсэх”, “Электрон тамхины хэрэглээг бууруулах хамгийн зөв арга”, “Хиймэл оюун ухааныг УИХ-ын гишүүн ашиглах нь”, “Хүүхдийг хатуу аргаар хүмүүжүүлэх нь” зэрэг нийгэмд тулгамдаад буй үндсэн найман шийдлийн хүрээнд мэтгэлцэнэ.

Связанные новости