Загас агнах зөвшөөрлийг цахимаар авч эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНМонгол Улсын газар нутаг дээр загас агнах зөвшөөрлийг цахимаар буюу www.ezagas.mn хуудсанд хандан авах боломжтой болсон байна.
IOS болон Android үйлдлийн системтэй гар утастай хүмүүс тус сайт руу орж тусгайлан боловсруулсан апликейшнийг үнэгүй татаж авч болох юм. Энэ боломжийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар БОАЖЯ, Хэнтий аймгийн БОАЖГ, тус аймгийн Дадал, Норовлин, Баян-Адрага, Биндэр, Батширээт сумдын Засаг даргын тамгын газар, Онон голын загас агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч “Онон голын загасчдын клуб” хамтран туршилтаар хэрэгжүүлж эхэлжээ.
Одоогоор Хэнтий аймгийн нутаг дахь Онон голд туршиж байгаа бөгөөд амжилттай байвал улс орон даяар хэрэгжүүлэх юм. Нэг зөвшөөрөл нь 3 хоногийн хугацаанд хүчинтэй, 10 ширхэгээс илүүгүй загас барих эрх олгоно. Харин барьсан загасныхаа био мониторингийн мэдээллийг заавал оруулах ёстой. Таны оруулсан уг мэдээлэл цаашид загасны зүй зохистой ашиглалтын хэмжээг тогтооход ач холбогдолтой суурь мэдээллийг бүрдүүлж өгөх юм.
www.ezagas.mn цахим хуудас нь зөвшөөрөл өгөхөөс гадна загас болон загасчлалтай холбоотой бүх төрлийн мэдээ, заавар гэх мэт олон талын мэдээлэл багтжээ. Одоогоор туршилтын шатанд явуулж байгаа тул хэрэглэгчид санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх, санал солилцох боломжтой байгаа юм.
Д.Өлзий