Цэвэр технологи, инновацын бизнес хөгжүүлж, ногоон ажлын байр бий болгох төслийг хэрэгжүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-02-24 14:55:15

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсад цэвэр технологи, инновацын бизнес хөгжүүлж, ногоон ажлын байр бий болгох” төсөл /GCIP Монгол/ хэрэгжүүлж эхэллээ.


Даян дэлхийн байгаль орчны сангийн 1.78 сая ам.долларын санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, Хөгжлийн шийдэл ТББ, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв хамтран энэхүү төслийг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. 


Цэвэр технологийн инновац, гарааны бизнесийг хөгжүүлэн, ногоон ажлын байр бий болгох тус төслийн үйл ажиллагааг Монголд бага нүүрстөрөгчтэй, тогтвортой эдийн засгийг хөгжүүлэх зорилготой бөгөөд гарааны бизнес эрхлэгч, ЖДҮ-үүд, судлаач, бодлого боловсруулагч, олон улсын хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллагуудад чиглүүлэх юм.


Энэ хүрээнд цэвэр технологийн гарааны бизнесийг дэмжин, бизнесийн хурдасгуур хөтөлбөрт хамруулж, хөрөнгө оруулалт татах боломжийг өргөжүүлнэ. Улмаар ЖДҮ-үүдэд санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгон, олон улсын хөрөнгө оруулагчидтай холбох, технологийн шилдэг шийдлийг судлан нутагшуулах зөвлөмж боловсруулах юм. Мөн цэвэр технологийн инновацын талаарх мэдээлэл солилцох платформ хөгжүүлж, салбарын оролцогчдыг уялдаатай хамтран ажиллах боломж бүрдүүлэхийг БОУАӨЯ мэдээллээ.


Төслийн Удирдах хорооны /PSC/ анхны хурлыг цахимаар хийж, төслийн ерөнхий бүтэц, хэрэгжилтийн хэтийн төлөв, хүлээж буй үр дүн болон төслийн ач холбогдол, манай улсын ногоон хөгжилд оруулах хувь нэмрийн талаар танилцуулав. Хуралд оролцогчид төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай хамтын ажиллагааг бэхжүүлэх, хэрэгжилтийг үр дүнтэй болгох талаар санал солилцлоо.

Связанные новости