Монголын радиог япон стандартын машинд сонсох боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-02-26 16:26:48

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын хэмжээнд япон машинтай иргэд нэмэлт төхөөрөмж суулгахгүйгээр үндсэн радио хүлээн авагчаар Монголын радиог шууд сонсох боломжтой боллоо.


Улаанбаатар хотын хэмжээнд дунджаар 700 мянган машин хөдөлгөөнд оролцдогоос 500 мянга нь япон стандартынх. Япон машинтай иргэд Монголын радиог сонсохын тулд машиндаа 130 мянган төгрөгийн үнэтэй нэмэлт төхөөрөмжийг суурилуулдаг байсан. Тэгвэл энэхүү асуудлыг шийдэж, Радио, телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-ын мэргэшсэн өндрийн инженер, техникийн албан хаагчид Монголын радиогийн өргөн нэвтрүүлгийн FM106.0, FM100.9 долгион дээр дамжуулдаг 1, 2 дугаар сувгийг FM82.9, FM76.1 -ын дунд давтамж дээр антен фидерийг шинээр суурилуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэжээ.  


Энэ ажлын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хэт богино долгионы дахин дамжуулах станцын хамрах хүрээг нэмэгдүүлэх, өргөтгөх зорилгоор “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-т шаардлагатай шинээр суурилуулах тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн байна. Монголын радиог иргэд машиндаа шууд хүлээн авснаар иргэд улс төр, эдийн засаг, нийгэм, боловсрол, цаг агаар зэрэг цаг үеийн мэдээг хүлээн авах боломж бүрдлээ.


МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл ярихдаа, “Улаанбаатар хотод байгаа сонсогчид FM82.9, FM76.1 долгион радиогоо хүлээж авна. Мөн наадмаас өмнө 10 аймагт энэ хоёр долгионы цацалтыг идэвхжүүлэх, Монголын радио болон хөх тэнгэр радиогоор сонсох боломжийг нээж байна. МҮОНТР өнгөрсөн долоо хоногт сүлжээний шинэчлэл хийлээ. Ингэснээр үндсэн ном цэсээ өөрчилж нэвтрүүлгийн бодлого агуулга өргөжиж, шинэ бүтээгдэхүүн сонсогчид хүрнэ. Мөн үздэг радио болсноор манай пэйж болон апплейкшн дээр Монголын радио хөх тэнгэр болон гадаадад эх орноо сурталчлан таниулдаг контент нэвтрүүлэгийг дүрсжүүлэн үзүүлнэ” гэв.


Цаашид орон нутагт автомашиндаа Монголын радиог сонсох боломжийг бүрдүүлэх аж. 

Связанные новости