Ирэх сарын 1-нээс шөнийн тарифын хөнгөлөлт эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн орой шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 оноос хөнгөлөлт үзүүлж эхэлсэн.
Шөнийн тарифын хөнгөлөлт нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэжилдэг. Тэгвэл найм хоногийн дараа шөнийн тарифын хөнгөлөлт эхлэх гэж байна. Ингэхдээ 21:00-09:00 цаг хүртэлх хэрэглэсэн хэрэглээнд шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх юм. Өмнөх жилүүдэд 21:00-06:00 цаг хүртэл үргэлжилдэг байсан бол 2025 оноос энэ хугацааг гурван цагаар сунгажээ. Шөнийн тарифын хөнгөлөлтөд нийслэл болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрх хэрэглэгчид хамруулах юм. Шөнийн тарифын хөнгөлөлт эдлэхийн тулд айл өрхүүд цахилгааны төлбөрөө бүрэн барагдуулах, зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх, цагийн ялгаварт тариф тоолууртай байх шаардлагатай ажээ.
Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өгөхдөө “Бид Сангийн яаманд эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд 104 тэрбум төгрөгний татаас гаргахыг танилцуулсан. Гэтэл төсвийн боломж бага учраас 81 тэрбум төгрөг болголоо. Цаана нь үлдсэн 30 тэрбум төгрөг одоогоор ямар нэгэн шийдэлгүй байна. Эсвэл тариф нэмэх асуудал бий. Ямартай ч энэ жилийг дуустал цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй гэсэн учраас оны төгсгөлд уг асуудлыг ярих байх” гэв.
Хэрэглэгчийн
төлбөрийг тооцохдоо тоолуурын заалтыг үндэслэн өдөр, орой, шөнийн хэрэглээ тус
бүрийн нийт хэрэглээнд эзлэх хувийг гаргаж, хувь тус бүрийг 150 квт.ц, 151-300
квт.ц, 300 квт.ц-аас дээш гэсэн ангилал бүхий гурван шатлалт тарифаар үржүүлж,
нийлбэр дүнг гаргадаг юм. Өнгөрсөн жил 189 мянган айл өрхийг цахилгааны шөнийн
тарифын хөнгөлөлтөд хамруулж байв.