БАЯНХОНГОР: Улсын сайн малчдын шагналыг гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгаас Модон могой жилийн босгон дээр Улсын аварга малчин 8 тодорч шагнал, үнэмлэх, цол тэмдгээ гардан авлаа.
Үндэсний баялаг болсон мал аж ахуйгаа эрхлэн, улс эх орныхоо эдийн загагт үнэмлэхүй хувь нэмрээ оруулсан дээрх малчдын шагналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нар гардуулан баяр хүргэв.
Улсын аварга малчин өрхөөр:
1. Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн малчин Малиусын Алтангэрэл, Дамбын Цэвэлмаа
2. Баянговь сумын Залаа 3 дугаар багийн малчин Очирбатын Одонбаатар, Хандсүрэнгийн Өлзийдаваа
3. Баянлиг сумын Хатансуудал 5 дугаар багийн малчин Чулууны Мөнхдалай, Ням-Адьяагийн Мөнхжаргал
4. Баян-Овоо сумын Мандалхайрхан 1 дүгээр багийн малчин Бундын Лхагвасүрэн, Халтарын Лхамсүрэн
5. Баянцагаан сумын Цэцэн 3 дугаар багийн малчин Огнооны Энхтүвшин, Лантуугийн Дашлхам
6. Бууцагаан сумын Өлзийт 3 дугаар багийн малчин Пүрэвсүрэнгийн Эрдэнэбулган, Даваажаргалын Хандсүрэн
7. Өлзийт сумын Ёлын ам 3 дугаар багийн малчин Должингийн Эрдэнэбат, Авидын Ганбилэг
8. Шинэжинст сумын Зараа 1 дүгээр багийн малчин Лхагвын Идэрмөнх, Цэрэнжамцын Мөнхтүвшин нар шалгарсан юм.
Улсын аварга малчин өрхүүд мал сүргийн чанар, үүлдэр угсааг сайжруулах, сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэх, ашиг шимийн гарц, малын хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог стандартад нийцүүлэн, хээлтүүлэгч малыг нийлүүлгийн бус хугацаанд ялган суурилах, бэлчээрийн даацад тохируулан мал сүргийг өсгөн үржүүлэх, отор нүүдлийг чанартай зохион байгуулж, малаа дундаас дээш тарга хүч авхуулах, өвөлжөө бууц, хашаа хороогоо тохижуулах, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс хангахад анхаарч ажилладаг хөдөлмөр зүтгэлээ ийнхүү үнэлүүллээ.
“Хилэнт эх” хэмээх модон луу жилдээ Баянхонгор аймаг 4 сая толгой мал тоолуулж, улсын хэмжээнд хамгийн олон мал сүрэгтэй аймгийн эхний тавд бичигдэн, ямаан сүргийн тоо толгойгоор тэргүүлж, тэмээн сүргээрээ эхний гуравт багтаад байна.