Бөхчүүд цөлжилтийн эсрэг үйл хэрэгт нэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2025 оныг “Хөв цөөрөм байгуулах жил” болгон зарлаж, 333 нуур “1 сум-1 нуур” уриалгыг дэвшүүлсэн юм.
Энэхүү уриалгад Монголын үндэсний бөхийн холбоо нэгдэн байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх, сумдуудад хөв цөөрөм, усан сан байгуулахад иргэд, аж ахуй нэгжийн оролцоог идэвхжүүлэхэд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан байна.
Уг санамжид БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар гарын үсэг зуржээ. Энэхүү үйл ажиллагаад Увс аймгийн Ховд сумын харьяат дархан аварга Н.Батсуурь, Давст сумын харьяат улсын аварга П.Бүрэнтөгс тэргүүтэн оролцов.
БОУАӨЯ-наас дэлхий нийтийн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд Үндэсний өвийг тээгч бөхчүүдээрээ дамжуулан нэгдэж буйд талархал илэрхийлж МҮБХ-г “Усны элч” байгууллагаар өргөмжилсөн байна.