“Үүрийн бүтээл” маргааш үүрээр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
e.erdenedalai@montsame.gov.mn
2025-03-06 16:49:34

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Өвөрбаясгалант Хамарын хийд орчим жил бүрийн Шинийн наймнаа болдог "ҮҮРИЙН БҮТЭЭЛ"-ийн зан үйл маргааш буюу 2025 оны 3 дугаар сарын 7-нд болно. Энэ зан үйл нь Цагаан сарын шинийн наймны үүрийн гэгээнээс урьтан үнэгэн харанхуйн үест Очирт Пүрэв Ядам бурхны зарлигаар хар шугамт гурвалжин татсаны голд ариун зай 12, бузар эд 12 тэргүүтэн элдэв олон зүйл бүгдийг цуглуулан зөвхөн заг модоор бэлдсэн хот мандалд шар тосоор цутган гал оруулснаар хярваслан дэгдээж мандаагаад Очирын хот мандал агаарт бүтэж, үзэгдэл сониныг харуулснаар “амирлуулах”, “дэлгэрүүлэх”, “хураах”, “дарах” үйл хамаг амьтны тусад нэг агшинд ийнхүү бүтдэг учиртай билээ.


Өвөрбаясгалант Хамарын хийдэд болох энэхүү ёслолд зорьж очсон хүмүүн Гал мандлыг тойруулан найман хөлөл цагаан шугамаар хүрээлсний аль хөлөлд сууснаа олж багтан орсноор засал үйлийн эзэн болж засагдаад, гэр орондоо эргэн ирээд аль хэн бүгдийг энэрэн нигүүлсэж, нүүр царайгаа харуулсан төдийгөөр засалтган татах ерөөлтэй болдог хэмээдэг. Ноён хутагт Данзанравжаагийн эрт цагаас ийнхүү бүтээж байсныг, З.Алтангэрэл тахилчаас сэргээн дэглэж олон жилийн өмнөөс хаалттай үйлдэж тоо, горимыг нь тоолон, дадуулж гүйцээснээр 2023 оны туулай жилээс эхэлж олон түмэнд нээлттэй болгож дэлгэсэн билээ.


“Лянх эвдэх” гэдэг нь зовлон хорлол бүхнийг дүрсээр хийж, номын билиг билгүүний илдээр цавчин арилгах утга санааг илэрхийлдэг шашны зан үйл юм.


 

Говийн V ноён хутагт Данзанравжаагийн дэглэсэн жилийн цээр арилгах гал мандал болон лянх эвдэх зан үйлийн товч тайлбар:

 

Тосон Аюуш бурхан - Лагшны шүтээн



-Тосон Аюуш бурхны лагшныг бүтээж галд өргөснөөр хүмүүний нас, буян арвижин дэлгэрнэ.

-Малын өөх тосоор хийж байгаа тул малын сүнсийг дээш татна.

- Бурхны лагшныг тоолшгүй ихээр бий болгож буян хураана.

 










Тосон суварга – Тааллын шүтээн



- Тосон суваргыг бүтээж галд өргөснөөр нийт ард иргэдийн сэтгэл санаа амгалан, нийт олон амьтан цагийн хямрал байхгүй, гамшигт байдал үл гарна.

- Хоосон чанарын агаарт тоолшгүй ихээр бий болгож байгаа буян хураана.

 












Тосон бумба – Сав шимийн бэлгэдэл




- Тосон бумбыг галд өргөснөөр буян хишгийн савыг бат бөх байлгана.


- Буяны зүг хандсан эрхэм хүмүүний эд, эдлэл, сан хөмрөгийг дэлгэрүүлнэ.

 











Тосон ембүү – Эд баялаг, элбэг дэлбэгийн бэлгэдэл


- Тосон ембүүг галд өргөснөөр гэрт сайн сайхныг авч ирэх бөгөөд эд хөрөнгө олз, омгийг арвижуулна.

 






“Элдэв эрдэнэт” хэмээх модон /хөхөгчин/ могой жилийн “ҮҮРИЙН БҮТЭЭЛ” маргаашийн үүрээр буюу гуравдугаар сарын долоонд болно. Зорчсон бүгд зочин болж, зочид бүгд засагч болон зүг бүхэнд зүглэснээр учран золгосон бүхэндээ энх өлзийт болтугай.

Связанные новости
Комментарии