Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. 2024 оны төсвийн жилд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 283.9 тэрбум төгрөг болж, 2023 оны орлогоос 30.6 тэрбум төгрөгөөр өсжээ.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ой, ан амьтан, ургамал, ойн нөөц ашигласны болон газрын төлбөрийн орлогыг хуулийн дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг бөгөөд орлогоос байгалийн орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардалд хуваарилан зарцуулах хуулийн заалттай байдаг аж.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 онд баталсан шийдвэрээр Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасан байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд зарцуулах төсвийг 72.5 тэрбум төгрөгөөр баталсан нь 2021 оны дүнтэй харьцуулахад дөрөв дахин өсжээ. Гэвч 2024 оны жилийн эцсийн санхүүжилтийн гүйцэтгэлийн мэдээгээр 47.3 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд журмын хэрэгжилт 64.3 хувьтай байна.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн нийт орлогын
-Газрын төлбөр 162.2 тэрбум төгрөг,
-Усны нөөцийн төлбөр 86.9 тэрбум төгрөг,
-Ойн нөөцийн төлбөр 20.04 тэрбум төгрөг,
-Амьтны нөөцийн төлбөр 14.3 тэрбум төгрөг,
-Ургамлын нөөцийн төлбөрт 363.7 тэрбум төгрөг бүрдүүлж байгааг БОУАӨЯ-наас мэдээлэв.