Чехийн хөгжмийн урлагийн бэлгэ тэмдэг - Чехийн филармони

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-03-07 17:51:38

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Чехийн филармони оркестр нь дэлхийн хамгийн нэр хүндтэй, алдартай оркеструудын нэг юм. 1896 онд Прага хотод байгуулагдсан тус оркестр нь Чехийн хөгжмийн урлагийн бэлгэ тэмдэг, дэлхийн сонгодог хөгжмийн гэрэлт цамхагт тооцогддог. Арвин баялаг түүх, соёл уламжлалтай Чехийн филармони оркестр нь барууны сонгодог хөгжмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсны сацуу Чехийн хөгжмийн зохиолчид, хөгжмийн уламжлалыг хөгжүүлэн сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэжээ.


1896 оны нэгдүгээр сарын 4-нд болсон Чехийн филармони оркестрын анхны тоглолтыг тус улсын нэрт удирдаач, хөгжмийн зохиолч Антонин Дворжак удирдаж байлаа. А.Дворжак оркестртой хамтран ажилласан нь тус оркестрын эхэн үеийн түүхэнд чухал үе болон тэмдэглэгдсэн бөгөөд Европт төдийгүй дэлхий даяар нэр алдраа түгээн дэлгэрүүлэхэд нь түлхэц болжээ. Тэр цагаас хойш Карл Анкерл, Вацлав Нойман, Ийржи Белоглавек нарын нэрт удирдаачдын удирдлага дор тоглож ирсэн түүхтэй. Тус оркестр нь дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдоос гадна Чехийн алдарт зохиолчдын бүтээлийг толилуулан Чехийн хөгжмийг түгээн дэлгэрүүлж иржээ.


Анхны тоглолтын тасалбар


Өдгөө Чехийн филармони оркестр нь Прага хотын соёл урлагийн төв хэвээр байгаа бөгөөд 1946 оноос хойш гал голомт нь болсон Рудольфинум концертын танхимд тогтмол тоглолтоо хийж үзэгчдийн хүртээл болгож байна. Оркестрын хөтөлбөрт сонгодог урлагийн сор бүтээлүүд, орчин үеийн хөгжмүүдээс гадна тусгай үзүүлбэрүүд ч багтдаг. Энэхүү өргөн цар хүрээг хамарсан урын сан, хичээл зүтгэлээрээ олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгджээ.


Чехийн филармони оркестр нь нэр хүндтэй гоцлол дуучид, зочин удирдаач нартай байнга хамтран ажилладаг тул бүтээлүүд нь сонгодог хөгжмийн ертөнцөд өндрөөр үнэлэгддэг. Мөн дэлхийн томоохон хотуудаар аялан тоглолт хийж, хөгжмийн нэр хүндтэй наадмуудад оролцож иржээ. Тус оркестрын дэлхийн хөгжмийн ертөнцөд оруулсан гол хувь нэмэр бол Чехийн хөгжмийн зохиолчдыг сурталчлан таниулсан явдал юм. Чехийн филармони А.Дворжак, Б.Сметана, Л.Яначек нарын алдартай бүтээлүүдээс гадна Чехийн хөгжмийн зохиолчдын төдийлөн олон нийтэд танигдаагүй бүтээлүүдийг сэргээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэдний Чехийн хөгжмөө гэсэн үнэнч байдал нь оркестрын онцлог шинж чанаруудын нэгд зүй ёсоор тооцогддог.


Чехийн хөгжмийн ертөнц дэх филармони оркестрын үүрэг оролцоо нь зөвхөн тоглолт төдийгөөр хязгаарлагдахгүй. Тус оркестр нь хөгжмийн боловсролыг түгээн сурталчлахад идэвхтэй оролцож, хөгжим сонирхогчдын дараа дараагийн үеийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулдаг байна. Тухайлбал, Чехийн филармони нь боловсролын байгууллагуудтай хамтран хөтөлбөр боловсруулж Чехийн сонгодог хөгжмийн өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэхийн төлөө ажилладаг ажээ.


Рудольфинумын тухай



Рудольфинум барилгыг Австрийн угсаа залгамжлагч хунтайж Рудольфын нэрээр нэрлэжээ.


Чехийн архитекторч Йозеф Зитка, Йозеф Шульц нар энэхүү барилгыг Герман, Бельги, Франц, Английн концертын танхим, галерейнуудаас санаа аван бүтээжээ. Нээлтийн ёслол 1885 оны хоёрдугаар сарын 8-нд болж, энэхүү барилгад эгшиглэсэн анхны бүтээл нь Людвиг ван Бетховены “The Consecration of the House” байлаа. Бүгд Найрамдах Чехословак Улсын үед буюу 1919-1939 онд Рудольфинум нь Төлөөлөгчдийн танхимын гол оффис болж байсан түүхтэй.



 

Связанные новости