Гурван өөр ертөнц, огтлолцол
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. МУЭ-ийн зураач Б.Болормаа, Э.Билигт, уран барималч Т.Түмэнбаяр нар “Shpere” хэмээх хамтарсан үзэсгэлэнгээ нээжээ.
Гурван уран бүтээлч цаг хугацаа, ертөнцийн
хэмжээс, үе давхарга, амьд эрчим, үелзэл зэрэг орчлонгийн бодит болон хийсвэр
чанар, гарт баригдаж нүдэнд харагдахгүй хэдий ч оршин байх тэрхүү зүйлийг
өөр өөрсдийн сэрэл мэдрэмж, арга барилаар харуулахыг зорьсон байна.
Уран барималч
Т.Түмэнбаяр, “Өөрийн бүтээлээр
дамжуулан судалж эргэцүүлсэн ойлголт болон сэтгэл хөдөлгөсөн мэдрэмжийг
дүрслэхийг зорилоо. Уламжлалт баримлын хэв маягаар хүний биеийн хэлбэрийг
судалж, өөрийн онцлог шинж чанарыг бүтээхийг эрэлхийлэн туурвисан. Ерөөсөө өөрт
төрсөн сэтгэгдэл болон бодролыг хүний сэтгэл хөдлөлийн төлөв байдлыг
илэрхийлсэн дүр болгон хувиргаж дүрсэлснээрээ онцлогтой. Зүйрлэл, адилтгалын
сэтгэхүйгээр гоо зүйн мэдрэмжийг хөглөн бүтээлдээ туурвиж, үзэгчдэд урлагийн
сайхныг мэдрүүлэхийг хүслээ” хэмээв.
Тэгвэл
Б.Болормаа зураач, “Мөн чанар араншин байгаль ертөнцийн уялдаа холбоог
илэрхийлэх цаг хугацааны агшиг харуулах өөрт төрсөн сэтгэгдэл дотоод мэдрэмжийг
илэрхийлсэн” гэв.
Харин Э.Билигт, “Хүний зуурдын амьдрал болон орчлон ертөнцийн үргэлжид
хувьсах хэдий ч үүрд орших тэрхүү “мөнх” чанарын тухай, орчлонгийн эд эс бүхэнд
оршин байх амин чанар, бүхнээс цацрах амин үелзлийг харуулахыг хичээлээ. Монголчууд
бид энэхүү амьтай бүхнийг бүтээгч орчлонгийн хүчийг “Мөнх хөх тэнгэр” хэмээн
дээдэлж ирсэн ба тэнгэрээр оршихуйг илэрхийлж амьтай бүхнийг хүндэтгэн байгаль
дэлхийгээ хайрлаж ирсэн. Тиймээс энэ санааг агуулсан” хэмээлээ.
Тус үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.