БАЯН-ӨЛГИЙ: “Музейн нээлттэй өдрүүд”-ээр 600 гаруй хүн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-03-12 20:20:08

Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн музейн хамт олон "Музейн нээлттэй өдрүүд"-ийг 3 дугаар сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 600 гаруй хүн музейгээр үйлчлүүлжээ.


Энэхүү үйл ажиллагааны талаар тус музейн захирал А.Айшагүлээс тодруулахад, “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

 

Энэ жилийн 3 дугаар сарын эхний долоо хоногт монголчуудын үндэсний Цагаан сарын баяр давхацсан тул Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар "Музейн нээлттэй өдрүүд"-ийг 3 дугаар сарын 7-13-ны өдрүүдэд төрийн болон орон нутгийн 35 музей оршин байгаа газар нутгийн иргэдэд музейн байнгын үзүүллэгийн танхимаараа үнэ төлбөргүй үйлчилж байгаа.

Монгол Улсын Засгийн газраас "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ыг баталсантай холбогдуулан "Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл" агуулгын хүрээнд олон нийтийн оролцоог хангасан тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлэг зэрэг нийгэмд чиглэсэн олон төрлийн ажлыг зохион байгуулж байна. Манай музей өнгөрсөн долоо хоногийн баасан гаргаас эхлэн иргэдэдээ үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 600 гаруй хүн музейгээр үйлчлүүлээд байна. Мөн энэ ажлын хүрээнд Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаатай хамтран “Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зургийн дурсгалт газрууд” сэдэвт лекц уулзалтыг сурагчдад зохион байгуулсан бол “Үндсэн хуулиа дээдэлье” түр үзэсгэлэн дэлгэж, урианхай бий биелгээний шавь сургалтыг 2 дахь жилдээ зохион байгуулж байна” хэмээв.

 

Ташрамд, Баян-Өлгий аймгийн музей сан хөмрөгтөө 5448 гаруй үзмэртэй бөгөөд энгийн өдрүүдэд 80-100 хүн музейн үзмэрийг сонирхдог бол жилд дотоод, гадаадын 21 мянга гаруй хүнд үйлчилгээ үзүүлдэг байна.


Связанные новости