ДАРХАН-УУЛ: Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамт олон улсын хэмжээнд тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-03-12 15:33:15

Дархан, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамт олон 2024 онд үйл ажиллагаагаараа улсын хэмжээнд тэргүүлжээ. Улсын хэмжээнд салбартаа тэргүүлсэн баг хамт олон өнөөдөр батламжийг нь гардуулан өглөө.


Тодруулбал, Монгол Улсын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүрэг, Аймаг орон нутгийн 2024 онд дэвшүүлсэн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвх, зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж төрийн байгууллагуудаа манлайлан, үйл ажиллагаа үр дүнгээрээ улсын хэмжээнд харьяа салбартаа “Тэргүүн байр” эзэлсэн тул баяр хүргэж батламж мөн төсөл хэрэгжүүлэх 10.000.000 төгрөгийн эрхийн бичиг гардууллаа.


Шагналыг аймгийн засаг дарга Б.Азжаргал, засаг даргын орлогч Я.Бат-Очир, ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун нар гардуулав.

ГХБХБГ нь 2025-2040 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн аймгийн ИТХ-ын 11 дүгээр тогтоолоор шинэчлэн батлуулсан байна.


Шарын гол, Орхон, Хонгор сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан.


Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоорондох Хилийн цэсийн маргааныг шийдвэрлэж Хонгорын даваа нэршлээр баталгаажуулжээ.


Мөн Дархан-Уул аймгийн дөрвөн сумын нутаг дэвсгэрийг хамарсан 3.3 мянган км.кв талбайд нийт 1841 газар зүйн нэрийг тодруулах ажлыг Дархан, Орхон сум хийлгэж баталгаажуулсан, Шарын гол, Хонгор сумын нэрийн зургийн ажил хийж байна.


Дархан-Уул аймгийн хэмжээнд 2003-2025 оны газар олголтын 4799 цаасан хувийн хэргийг цахимжуулсан.


2024 онд 79 барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож 39 барилга байгууламжийг ашиглалтад авах улсын комисс ажиллаж, 91 зураг төсөлд хяналт хийж, 86 архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулан ажилласан байна.

 


 

Связанные новости