АРХАНГАЙ: “ARA arena” спортын ордон есөн заалтай
ФОТО МЭДЭЭ
Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Архангай аймаг спортын түүхэн хөгжлийнхөө шинэ хуудсыг нээж, спорт сонирхогчид, тамирчдын хүсэн хүлээсэн шинэ Спортын ордны барилгыг өнөөдөр хүлээн авлаа.
Мянган хүний суудалтай энэ ордонд 3000-аад хүн цуглаж, шинэ бүтээн байгуулалтынхаа нээлтэд баяр баясгалантайгаар оролцон, бяцхан тамирчдын үзүүлбэрийг сонирхон үзсэн юм.
“ARA arena” хэмээн нэрийдсэн 2500 м.кв талбай бүхий шинэ ордон нийт есөн заалтай. 1000 хүний суудалтай том заалаас гадна бэлтгэлийн заал зургаа, хоёр нь пара болон хөнгөн атлетикийн тамирчдад зориулсан заал юм.
Архангай аймагт барьсан энэхүү томоохонд тооцогдох хөрөнгө оруулалтыг улсын төсвийн 10.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “Биг Монголиа” ХХК 2022 оны 9 сард эхлүүлж, ийнхүү хүлээлгэж өглөө. Энэ ордон баригдсанаар аймгийн БТСГ-ын хамт олны ч ажиллах нөхцөл илүү тав тухтай боллоо.
Өнөөдрийн байдлаар аймгийн БТСГ 43 хүний орон тоотой ажиллаж байгаа ба үүний найм нь дасгалжуулагч, долоо нь биеийн тамирын арга зүйч байна. Цаашид хоолзүйч, сэтгэл судлаач, зарим мэргэжлийн багш, дасгалжуулагч дутагдалтай байгааг БТСГ-ын дарга хэлж байв.
Энэхүү ордон бол зөвхөн барилга байгууламж төдийгүй ирээдүйн аваргуудыг төрүүлэн бэлтгэх, эрүүл чийрэг иргэдийг төлөвшүүлэх, спортын хөгжилд шинэ эрин эхлүүлэх их гэрэл, итгэл найдварын бэлгэдэл юм.
Спортны ордны нээлтэд Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, Г.Хосбаяр, М.Мандхай, аймгийн удирдлагууд оролцсон.
Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан шинэ спортны ордонд шаардлагатай тоног төхөөрөмжийн нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ оны төсөвт зохицуулалт хийж, үлдсэнийг нь ирэх оны төсөвт суулгаж шийдвэрлэж өгөхөөр боллоо.