Усны өдрийг “Мөсөн голыг хамгаалах нь” уриан дор тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. НҮБ-аас Дэлхийн усны өдрийг энэ жил “Мөсөн голыг хамгаалах нь” /Glacier Preservation/ уриан дор тэмдэглэхээр зарлаад байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхаар 1993 онд шийдвэрлэжээ. Манай улс 2005 оноос энэ өдрийг тэмдэглэж, усны ач холбогдлыг олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч байна.
БОУАӨЯ, Усны газар, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн
сургууль хамтран “Ус-хөгжлийн түлхүүр” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг
гуравдугаар сарын 24-нд зохион байгуулна. Энэ нь Монгол орны усны нөөц, чанар,
аюулгүй байдал, хүртээмж, ашиглалт, хамгаалалт, үнэ цэн, бодлого төлөвлөлт,
зохицуулалт зэргээр устай холбоотой асуудлын оновчтой шийдэл, арга замыг
тогтооход оюутнуудын шинжлэх ухаанч, бүтээлч сэтгэхүй, усны салбарын
мэргэжилтнүүдийн манлайлал, асуудлыг шийдэхэд тэдний оролцоог нэмэх, шинийг санаачлах,
туршлага судлах, суралцах, судалгаа шинжилгээг шимтэн сонирхох, урам зоригийг
хөгжүүлэх зорилготой.
Улаанбаатар хот 470,444 га нутаг дэвсгэртэй, дөрвөн сав газарт хамрагддаг. Нийслэлд 250 гаруй булаг шанд, хориод рашаан ус, 40 гаруй нуур тойром, 84 гол горхи бүртгэгдсэн байдаг.