ЗАВХАН: Хүүхдүүдэд экологийн боловсрол олгох дадлага, сургалт хосолсон үйл ажиллагаа болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-03-13 12:06:29

Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Завхан аймагт дэлхийн усны өдрийг угтаж ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд сургалт, дадлага хосолсон үйл ажиллагааг зохион байгуулжээ.


НҮБ-аас Дэлхийн усны өдрийг энэ жил “Мөсөн голыг хамгаалах нь” /Glacier Preservation/ уриан дор тэмдэглэхээр зарлажээ.


НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхаар 1993 онд шийдвэрлэжээ. Манай улс 2005 оноос энэ өдрийг тэмдэглэж, усны ач холбогдлыг олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч байна.


Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, аймгийн Байгаль орчны газрууд хамтран мөсөн голыг хамгаалах нь уриатай, Green children үйл ажиллагааг зохион байгууллаа. Сургалт, дадлага хосолсон энэхүү үйл ажиллагаа нь байгальд ээлтэй өсвөр үеийг бэлтгэх зорилготой нөлөөллийн үйл ажиллагаа юм.

Хүүхдүүдэд байгаль орчныг хамгаалах, биологийн олон төрөл зүйлийн онцлог, байгальтай хэрхэн уялдаа холбоотой байдаг. Усны өдрийг дэлхий даяар хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг. 


Усыг хайрлаж хамгаалахын учир шалтгаан, зорилго, цэвэр усыг хэрхэн ямар замаар олборлож иргэдэд хүргэдэг гээд олон талын мэдлэг ойлголтыг энэ үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдүүдэд өгсөн байна.


Үйл ажиллагаанд 50 гаруй багш, суралцагч хамрагдаж сертификат авч, экологийн боловсролдоо хөрөнгө оруулалт хийв.

Хүүхэд залуучуудын экологийн боловсролыг нь нэмэх, байгаль хамгааллын үйл ажиллагаанд тэдний оролцоог хангах, нийгэмдээ хариуцлагатай байх. Байгальд ээлтэй иргэнийг бэлдэж төлөвшүүлэх. Мөн мэргэжил сонголт хийхдээ дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулах мэргэжлүүдээс сонголт хийхийг энэ үйл ажиллагаа уриаллаа.


Мөн суралцагчдад амьдарч буй хүрээлэн буй орчны ус болон хог хаягдалтай холбоотой тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь танилцуулж таниулах зорилготой автобусны аяллыг зохион байгуулсан нь үр дүнтэй байлаа. Цаашид дэлхийн усны өдрийг үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг энэ сарын турш зохион байгуулна гэж Завхан аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв. 

Сургалт, дадлага хосолсон үйл ажиллагаанд 50 гаруй багш, суралцагч оролцжээ


Биологийн төрөл зүйлүүдийн онцлогуудын талаарх мэдээлэл хүүхдүүдийн сонирхлыг нь татжээ



Связанные новости