АРХАНГАЙ: ДНБ-ийг нэмэгдүүлэхэд бүсчилсэн хөгжил чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-13 13:55:54

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, Г.Хосбаяр, М.Мандхай нар энэ сарын 12-ны өдөр Архангай аймагт ажиллалаа.


Тэд ашиглалтад орж буй 1000 хүний суудалтай спортын ордны нээлтэд оролцон, иргэдтэй уулзах уулзалтаа үргэлжлүүлэв. Д.Амарбаясгалан дарга иргэдэд парламентаас хэрэгжүүлж буй бодлого, шийдлүүдээс танилцууллаа.


Хангайн бүсийн 1 хүнд ногдох ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэхийн тулд аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын өсөлтийг нэмэгдүүлж, бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарна гэлээ.


Архангай аймгийн хувьд нэг хүнд ногдох ДНБ 9.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас доогуур байгаа юм. Үүнийг улсын дундаж 20.8 сая руу ойртуулах бодлогыг бүсийн хэмжээнд авах шаардлагатайг цохон тэмдэглэсэн юм.


Өнөөгийн байдлаар Архангай аймгийн эдийн засгийн бүтцийн 57 хувь нь хөдөө аж ахуй, 26 хувь нь үйлчилгээ, 17 хувь нь аж үйлдвэр байна. Нэг хүнд ногдох ДНБ-ийг нэмэгдүүлэхэд дээрх салбаруудыг аялал жуулчлалын салбартай холбож өгч, хөгжүүлэх нь чухал гэж үзсэн.


Иргэд хүний эрхийг зөрчсөн эрх зүйн орчныг шинэчилж, хуулиас давсан журмуудын хэрэгжилтийг эргэж харах шаардлагатайг онцолж хэлж байлаа. Тухайлбал,


-Хувийн хэвшлийнхний төлөөллөөс хүний эрхийг зөрчсөн эрх зүйн орчныг шинэчилж, хуулиас давсан журмуудыг эргэж харах,

-Төр засгаас хүний эрүүл мэнд, хүний хөгжлийг түлхүү анхаарах, малын эрүүл мэндийн хяналтын тогтолцоог сайжруулах, хүүхэд залуучуудын уралдаан тэмцээнд оролцох зардлыг төрөөс дэмжих,

-Цахилгаан тамхины хэрэглээг хязгаарлах бодлогыг гаргах,

-Хариуцлагын тогтолцоог сайжруулах, хуулийн хүрээнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг ч хөндөх шаардлагатайг дурдаж байлаа.

Мөн иргэдийн зүгээс Дарханы арьс шир боловруулах үйлдвэр, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, шинэ хоршоо хөдөлгөөний хэрэгжилт, сонгуулийн тогтолцоо, малчдын НДШ-ийг нөхөн төлөх зэрэг олон асуудлаар асуулт асууж, харилцан ярилцсан юм.

 

УИХ энэ хаврын чуулганаар үнийн өсөлтийн эсрэг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, Монополийн эсрэг, Өрсөлдөөний тухай хуулиудыг хэлэлцэж, батлахаар төлөвлөжээ.



Связанные новости