ЗАВХАН: Энэ жил тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх
сангаас Завхан аймагт нэг тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно.
Завхан аймагт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 2025 онд хөнгөлөлттэй зээл олгох төслийг энэ сарын 8-ны өдрөөс эхлэн хүлээн авч эхэлсэн. Энэ жил 7 чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг олгохоор журам батлагдсан.
Хүнсний зориулалттай сав баглаа боодлын үйлдвэрлэл, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх иргэн аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээлийг олгоно. Мөн хүлэмжийн аж ахуй, хүнсний зоорь агуулах барих, агро ойн аж ахуй, эрчимжсэн аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хөнгөлөлттэй зээл олгох юм.
Завхан аймаг 2024 онд 1 тэрбум 400 сая төгрөгийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас, Завхан аймгийн төсвөөс 500 сая төгрөг гээд хамтарсан зээлийн эх үүсвэрийг баталж санхүүжилтийг гаргаж зээл олгосон. Нийт 13 аж ахуйн нэгжид 1 тэрбум 485 сая төгрөгийг олгосон байна.
Энэ жил Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 500 сая,
Завхан аймаг 500 сая төгрөгийг баталж хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон
байна.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2025 онд орон нутгийн болон сангийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ХХААХҮЯ, ЖДҮГ болон тухайн аймгийн Засаг даргатай “Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ”-г байгуулсан.
Энэхүү гэрээнд
үндэслэн ХХААХҮ-ийн сайдын тушаалаар зээл олгох ерөнхий нөхцөл, салбар,
чиглэлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлого, санхүүжилтийн эх үүсвэртэй
уялдуулан баталсан байна.
Төслийг энэ сарын 8-ны өдрийн 17:30 цагаас эхлэн 4 дүгээр сарын 7-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах юм. Хөнгөлөлттэй зээлийг үндсэн хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгө гэхчлэн 40 хувиас хэтрэхгүй олгоно.
Зээлийн хугацаа нь 5 хүртэл жил байна. Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 хүртэл сар, зээлийн хүү нь 5 хувь байх юм. Хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар хүсэлт гаргаж буй аж ахуйн нэгж нь албан ёсоор тухайн аймагт бүртгэлтэй байх. Төсөл хэрэгжих байршил нь тухайн аймгийн газар нутагт байх ёстой гэж Завхан аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс мэдээлэв.