ЗАВХАН: Эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрт ирсэн саналуудыг нэгтгэж ИТХ-аар хэлэлцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Завхан аймагт эрүүл Завханыхан хөтөлбөрийн хэлэлцүүлэг болж иргэдийн саналыг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр
болов.
Завхан аймгийн ИТХ, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран эрүүл
Завханыхан хөтөлбөрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, 40 гаруй иргэн оролцож
санал хүсэлтээ илэрхийлсэн байна. Энэхүү
хэлэлцүүлгийг иргэд, мэргэжлийн байгууллагууд, шийдвэр гаргагч нар, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулан
хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.
“Эрүүл Завханыхан” хөтөлбөр нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хэнийг ч орхигдуулалгүй байх зарчмын хүрээнд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх.
Нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх. Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлж, өвчлөлд нөлөөлөх шалтгааныг тогтоож, өвчлөл, нас баралтыг бууруулснаар хүн амын амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж наслалтыг уртасгах зорилготой.
Хөтөлбөрийг 2025-2028 онд хэрэгжүүлнэ. Хөтөлбөр нь хүн амын эрүүл мэнд, түүнд нөлөөлөх хүчин
зүйлийг тандах, судлах, үнэлэх, хариу арга хэмжээ авах. Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан
сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг
зохион байгуулах.
Эмч, эмнэлгийн
мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг тасралтгүй дээшлүүлж мэргэшсэн хүний
нөөцийг бүрдүүлэх. Эрүүл
мэндийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд салбартаа инновац, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ажиллах.
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн
тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх гэхчлэн 8 зорилттой
юм.
“Эрүүл Завханыхан” хөтөлбөрийн хэлэлцүүлэгт оролцсон иргэд хөтөлбөрийн төсөлд саналаа илэрхийлж, хөтөлбөрт нийгмийн эрүүл мэнд, орчны эрүүл ахуйн чиглэлээр заалт оруулах. Иргэн хүн эрүүл байхын тулд өөрсдөөс хамаарах юу хийх ёстой талаар нэг бүлэг сэдэв оруулах гэх зэрэг ач холбогдол бүхий олон саналуудыг гаргалаа.
Энэ удаагийн хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг нэгтгэж хөтөлбөрийн төслийг аймгийн ИТХ-ын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны хурал, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ИТХ-ын хуралдаанаар батлуулах юм гэж Завхан аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.
Хэлэлцүүлэгт оролцогчид иргэн хүн эрүүл байхын тулд өөрөөс хамаарах юу хийх ёстой талаар
хөтөлбөрт нэг бүлэг сэдэв нэмж оруулах санал гаргажээ