Ц.Оюун-Эрдэнэ: Их хүрээ хот зургийн үнэ цэнийг тодотгох гэж таван жилийн хугацаанд бүтээсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өндөр гэгээний их дүйчин өдөрт зориулан дэлгэж буй “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг” үзэсгэлэнг Зүүн хүрээ Дашчойлин хийдэд өнөөдөр нээлээ.
Тусгай үзэсгэлэнг Монгол арт галерейд өнгөрсөн хоёрдугаар сарын 7-27-нд нээсэн билээ. Харин энэ удаа Өндөр гэгээний их дүйчин өдөрт зориулан дахин дэлгэж буй юм. Энэхүү үзэсгэлэнд Богдын хүрээ хотыг харуулсан монгол зураг, гэрэл зургийн 30 орчим бүтээл дэлгэжээ. Эдгээрээс 1870-аад оны үед Богдын ордны зураачийн зурсан “Их хүрээ хот” хэмээх монгол зургийн хуулбар хамгийн онцлог нь байлаа. Тус бүтээлийг Монгол арт галерейн зураач Ц.Оюун-Эрдэнэ таван жилийн хугацаанд зуржээ.
Үзэсгэлэнгийн үеэр зураач Ц.Оюун-Эрдэнэтэй цөөн
хором ярилцлаа.
-Та “Их хүрээ хот” зургийг яагаад зурах болсон бэ?
-Миний хувьд монгол зураг, тэр дундаа түүх шашны холбогдолтой сэдвээр дагнан уран бүтээлээ туурвидаг. Их хүрээ хот зургийг хуулбарлахаасаа өмнө 4 жилийн хугацаанд Цам, Майдарын ёслол, тухайн үеийн аж амьдралыг харуулсан “Эрдэнэзуу” зургаа зурсан. Харин 2017 онд нэр нь үл мэдэгдэх зураачаас үлдсэн энэ зургийг хуулбарлаж эхэлсэн. Би юу зурж байгаагаа мэдэхийн тулд эхний гурван жил судалгаа хийсэн. Үүний дараа Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай холбогдож, илүү нарийн зүйл мэдэж авсан. Энэ нь 150 гаруй жилийн өмнө буюу 1870-аад онд Богд хааны лүндэн зарлигаар бүтээсэн, тухайн үеийн аж амьдрал, шашин соёлыг харуулсан, түүхэн ач холбогдолтой бүтээл болохыг тогтоосон. Иймээс бид энэ цаг үедээ үнэ цэнийг нь улам тодотгох ёстой гэж үзэн таван жилийн хугацаанд зурлаа.
-Энэ зурагт юуг дүрсэлсэн бэ?
-Монгол
зураг нь дэлгэмэл байдгаараа онцлогтой. Их хүрээ бүтээлийн зохиомжийн гол хэсэгт лам нарын суух Зүүн хүрээ, Гандэнтэгчинлин буюу Баруун хүрээг дүрсэлсэн. Мөн хажуу хэсэгт нь Баруун дамнуурчин буюу Хятадын найман гудамж, Богдын цагаан ордон, Дамбадаржаалин хийд, Их зээл буюу худалдааны зах, Манжийн амбан, Оросын консул ч харагдана. Энэ нь Богдын хүрээ хотыг дэлгэрэнгүй байдлаар харуулсан хамгийн эртний зураг төдийгүй Богд, Жавзандамба хутагтыг Гандантэгчэнлин хийдэд сэмбэрэмтэй залж буй ёслолыг маш нарийн тодорхой дүрслэн үлдээсэн цор ганц зураг юм.
-Энэ
зургийн бусдаас ялгарах онцлогийг та юу гэж хэлэх вэ. Зурах явцад бэрхшээл тулгарч байв уу?
-150
гаруй жилийн өмнөх зураг учраас маш жижигхэн дүрслэлтэй, зарим дүрс нь бүдгэрч
арилсан учир зурж байхад олон бэрхшээл тулгарсан. Тухайлбал, зураач үүнийг уламжлалт шороон
будаг ашиглаж зурсныг хийхэд маш их цаг хугацаа зарцуулсан ч яг хуучин танка
зургийн технологи, цардмал даавуун дээр эрдэс шороон будгаар зурж чадсан. Мөн зургаа
шинэхэн будгаар будаж болох ч үзэж байгаа хүнд таатай биш. Хуучин
бүтээлийнх нь өнгө гоё суусан байгаа. Бүтээлийн харагдах байдлыг нь авч үлдэж, хуулбарлаж зурвал илүү үнэ цэнтэй болох
юм гэж бодсон учраас өнгө сонголт дээрээ ч анхаарсан. Их хүрээ хот зургийн
цагаан өнгө нь олон жилийн явцад шаргал, хуучин, шинэ, хүйтэн туяатай гэхчлэн янз бүр байсан. Нэг гэр сүм дуганыг гэхэд гурван өөр цагаан
өнгө тавьж, үндсэн өнгийг нь гаргаж ирсэн. Үүнээс гадна дүр дүрслэлийн хувьд маш нарийн
зуралттай. Хамгийн нарийн зуралт нь хятад хороолол дээрх нарийн зураас. Тэр болгоныг
мэдэрч зургийнхаа үнэ цэнийг хадгалахыг хичээж хуулбарлаж зурсан юм.
-Та цаашид ямар бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?
-Би энэ зургийг шинэчилж зурснаараа бүтээлийн үнэ цэн, донж хэв маягт байх бүх зүйлийг сурч, далайцтай мэдлэгтэй болсон. Магадгүй 150 жилийн өмнөх монгол зургийн онцлогийг шингээж авсан байх. Энэ туршлагадаа үндэслэн монголын түүхэн үнэт зүйлийг уран бүтээлдээ шингээхээр төлөвлөж байна. Удахгүй “Их хүрээ хот” зургийн ном каталоги гаргана.