АРХАНГАЙ: 1959 малчин хоршоологч зээл авчээ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2025-03-14 14:32:40

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Архангай аймагт “Хоршоологчдын зөвлөгөөн”-ийг энэ сарын 12-ны өдөр ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгууллаа. Зөвлөгөөнд 300 орчим малчин оролцсон юм.


Мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, хоршооны санхүүгийн бүртгэл, тайлагнал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, хоршооны засаглал, техник, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, хадгалах, боловсруулах, үйлдвэрлэх технологи, тоног төхөөрөмжийн шийдэл, бизнесийн удирдлага, хууль, эрхзүйн чиглэлээр мэдлэг олгох хүрээнд хоршоодын гишүүдийг сургалт, зөвлөгөөнд хамруулах хэрэгцээ байсан учраас энэхүү малчин хоршоологчдын зөвлөгөөнийг зохион байгуулжээ.


Зөвлөгөөнөөр Монгол Улсын Шадар сайд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайхан “Шинэ хоршоо”-ны талаарх мэдээллийг өгсөн. Үргэлжлүүлээд зээлийн эргэн төлөлт, анхаарах асуудлууд, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн танилцуулга, хоршоонд эзэмшүүлэх 5 га газар, тэжээлийн ургамал тариалах хүсэлтийг хэрхэн өгөх зэргээс гадна малын гаралтай түүхий эд боловсруулах, мах, махан болон сүү, сүүн бүтээдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байгаа хоршооны тэргүүн туршлагыг танилцуулсан юм.


Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 2025 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 6207 хоршооны 21728 малчин хоршоологч хоршооны гишүүн малчид малчны зээл авчээ. Архангай аймгийн хувьд 19 сумын 1959 малчин хоршоологч зээл авсан байна.


Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд өнөөдрийн байдлаар 758 тэрбум төгрөгийн зээлийг малчдад олгосон ба олгосон нийт зээлийн 70 гаруй хувь нь зөвхөн үржлийн мал худалдан авах зорилгоор байжээ. Тийм учраас уг зээлийг үндсэн зорилго руу нь чиглүүлж, хоршооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд барьж байгааг хэлж байв. Үүний сацуу малчин хоршоологчдод олгож буй үржлийн мал худалдан авах зорилготой зээлийг ирэх 8 дугаар сарын 1 хүртэл зогсоожээ.


Малчин хоршоологчдын зөвлөгөөний үеэр хоршоодын хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа боллоо.