“Австралийн долоо хоног” өнөөдрөөс эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-17 11:20:18

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Австралийн Элчин сайдын яамнаас “Австралийн долоо хоног”-ийг өнөөдөр эхлүүлж байна.


Энэ ажлын хүрээнд  “Шангри-Ла” зочид буудалд эмэгтэйчүүдийн форум зохион байгуулах юм. Түүнчлэн Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн хүрээнд хэлэлцүүлэг болно.


Харин Австралид төгсөгчдийн холбооноос “Тогтвортой хөгжил ба ногоон эрчим хүч” сэдэвтэй уулзалтыг маргааш зохион байгуулахаас гадна Австралийн уугуул соёл, урлагийг түгээх зорилгоор диджеридүү хөгжимчин Мэттью Дойл, бүжигчин Брокк Тутт, дуучин Жош Слай нар СУИС-ийн хөгжим, бүжгийн оюутнуудад сургалт хийнэ.


Түүнчлэн энэ сарын 19-нд “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд Австралийн сайн дурынхны хөтөлбөрөөс зохион байгуулж буй “Сонсголын бэрхшээлтэй иргэдийг ойлгох нь” семинар болох аж.

Мөн энэ сарын 19, 20-нд Австралийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдаалах үзэсгэлэнг дэлгэхээр төлөвлөжээ.


Ташрамд дурдахад, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар 1990-ээд оноос хойш 500 гаруй монгол иргэн тус улсад суралцан төгссөн. Түүнчлэн өнгөрсөн онд хоёр орны агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.


Монголын иргэд сүүлийн жилүүдэд Австралийг зорих нь ихсэж байгаа бөгөөд тэр хэрээр тус улсаас зарласан тэтгэлэгт хөтөлбөр, тухайн орны ёс заншил, соёлыг танин мэдэх хэрэгцээ нэмэгдсэн.

 

 

 

Связанные новости