Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих ажил эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-17 14:08:03

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/.  Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд "Эрдэнэс тавантолгой" компанийн уурхайгаас ачуулсан эхний 15 вагон баяжуулсан нүүрс "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрийн талбайд өнөөдөр буулаа. 


Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих, чанарыг сайжруулах, стандартыг шинээр боловсруулах ажлын хүрээнд “Тавантолгой түлш”-ийнхан Шинжлэх ухааны академийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа билээ.


Энэхүү баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн хагас үйлдвэрлэлийн туршилт хийж, эрдэмтдийн зөвлөлөөс гарсан дүгнэлт, зөвлөмж, шийдвэрт үндэслэж хэрэглээнд нэвтрүүлэх ажээ. Шахмал түлштэй “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн түлшийг харьцуулсан туршилтаар тоосонцор 33.7 хувь, хүхрийн давхар исэл 63.7 хувиар багасаж, нүүрстөрөгчийн дутуу исэл 39 хувиар ихэссэн үзүүлэлттэй гарсан юм. Зөвхөн шахмал түлшний стандартыг 2025 онд багтаан шинэчилснээр агаарын бохирдол 25 хувиар буурна гэсэн тооцоолол гаргаад байна.

 

Связанные новости