ЗАВХАН: Марш тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-03-17 14:32:24

Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 2025 оны аварга шалгаруулах марш тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргаар хилийн цэргийн 0277 дугаар анги шалгарч аваргын цом гардлаа.


Зэвсэгт хүчний 104 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ тэмцээнд Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Зэвсэгт хүчний 274 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0277 дугаар анги, аймгийн Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газрын алба хаагч, баг тамирчид оролцлоо.


Тэмцээний дэд байрыг аймгийн Цагдаагийн газрын баг, гуравдугаар байрыг аймгийн Онцгой байдлын газрын эзэлсэн байна. Тэмцээн марш, тусгай бэлтгэлийн аварга тасаг, цэргийн мэргэжлийн аварга офицер, цэргийн мэргэжлийн аварга ахлагч, цэргийн мэргэжлийн аварга эмэгтэй алба хаагч, удирдах ажилтны тусгай бэлтгэлжилт гэсэн төрлүүдээр шилдгүүдээ шалгаруулсан байна.

Марш тактикийн тэмцээнд оролцогчид гарааны өмнө гүйцэтгэх ажиллагаа ба гранат, буудлага, торон саад, байр зүй, хөнөөлийн голомт, гүүр самбар, хорт утаа гэсэн цэгүүдэд үүрэг гүйцэтгэн өрсөлдсөн байна.


Энэ жилийн тухайд анх удаа "Dronecon-2025" нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын анхдугаар тэмцээнийг алба хаагчдын дунд зохион байгуулсан нь онцлогтой, сонирхолтой байв.


"Dronecon-2025" нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын анхдугаар тэмцээнд Хилийн цэргийн 0277 дугаар анги, Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтэс, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагчид эхний гурван байрыг эзэлсэн. Спортын цогцолбор тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байрыг аймгийн Цагдаагийн газар эзэлж, шилжин явах цомоор шагнуулсан байна. Спортын цогцолбор тэмцээний дэд байрыг  Зэвсэгт хүчний 325 дугаар анги, гуравдугаар байрыг Онцгой байдлын газар эзэлсэн байна.

Монгол цэргийн өдөрт зориулан зохион байгуулсан тэмцээний шилдгүүдийн шагналыгаймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил, Улиастай цэргийн хүрээний байгууллагуудын удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Марш тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргаар хилийн цэргийн 0277 дугаар анги

шалгарч аваргын цом гардлаа


Гүйцэтгэл үүрэг гүйцэтгэж буй нь 


Торон сааданд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагч

Связанные новости