Т.Бах ОУОХ-ны хүндэт ерөнхийлөгч болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
КОСТА-НАВАРИНО, 2025 оны гуравдугаар сарын 20 /Forbes/. Олон улсын олимпын хороог (ОУОХ) удирдах бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны дараа тус байгууллагын хүндэт ерөнхийлөгчийн статусыг Томас Бахт насан туршид нь олгохоор шийдвэрлэжээ.
Т.Бахыг ОУОХ-ны хүндэт ерөнхийлөгчөөр насан туршид нь сонгох шийдвэрийг Грек улсад өчигдөр эхэлсэн ОУОХ-ны 144 дүгээр чуулганаас гаргасан байна. Холбогдох саналыг ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Николь Хеверц дэвшүүлжээ. “ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл энэ саналыг гуравдугаар сарын 17-нд баталсан. Бах 2025 оны зургаадугаа сарын 24-нд бүрэн эрхээ дуусгасны дараа шинэ статустай болно" гэж тэрбээр чуулганы үеэр хэллээ.
ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ Т.Бах өнгөрсөн оны наймдугаар сард мэдэгдсэн юм. Түүний бүрэн эрхийн хугацаа зургаадугаар сарын 23-нд дуусах бөгөөд тэрбээр мөн ОУОХ-ны гишүүнээс мөн огцорно.
Өдгөө 71 настай Т.Бах 2013 онд ОУОХ-ны ерөнхийлөгчөөр найман жилийн хугацаатай сонгогджээ. 2021 онд түүний бүрэн эрхийн хугацааг дахин дөрвөн жилээр сунгасан байна.
Т.Бахын халааг авах хүнийг өнөөдөр сонгох юм. Ерөнхийлөгчийн албан тушаалд Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Себастьян Коу, усанд сэлэлтийн Олимпын хошой аварга, Зимбабвегийн Спортын сайд Кирсти Ковентри, ОУОХ-ны ерөнхийлөгч агсны хүү, Испанийн иргэн Хуан Антонио Самаранч, Олон улсын дугуйн холбооны тэргүүн Давид Лаппартьян, Иорданы хунтайж Фейсал Аль Хуссейн, Олон улсын гимнастикийн холбооны тэргүүн Моринари Ватанабе, Олон улсын цанын холбооны тэргүүн Йохан Элиаш нар өрсөлдөнө.