Нийслэлийн удирдлагууд "Мэлхийт" хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-29 13:38:24

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар өнөөдөр “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

НИТХ-ын дарга Ц.Сандуй энэ үеэр хэлэхдээ, “Одоогоос 377 жилийн өмнө нийслэл Улаанбаатар хотын суурийг одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээт цагаан нуурын дэргэд тавьсан гэж түүхчид үздэг. Үүнээс хойш 28 удаа бууриа сэлгэж, 5 удаа нэрээ сольж, 1778 онд Алтан тэвшийн хөндийд ирж суурьшсанаас хойш өнөөдөр дэлхийд данстай хот болон хөгжиж байна. Нийслэлийн нийт иргэд, ахмадууд, хүүхэд залуучууддаа дахин баярын мэнд хүргэе” гэлээ.

Мөн Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан нийслэлийн “Сүлдэт хуур”-ыг цэнгүүлсэний зэрэгцнн уламжлал ёсоор Сүхбаатарын талбайд Монгол Улсын төрийн далбаа болон нийслэлийн тугийг мандуулсан юм. Мөн НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон нийслэлийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Одоогоос 377 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн, өргөө байгуулж өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд хан Богд уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсэний тэмдэг болгож, “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Түүхэн энэ үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөө босгож, нийслэлийн ойн өдөр хотын удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод буй.

Б.Туул

 

Связанные новости