ХӨВСГӨЛ: Бөөв буюу модон өлгий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-04-08 16:03:11

Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төв музейд дархад, цаатан иргэдийн хэрэглэж ирсэн бөөв буюу модон өлгий хадгалагдаж байна.


Нялх хүүхдийн манцуй буюу өлгийг эртнээс хонины нэхий, эсгий, мод, даавуу үйс ашиглан хийдэг байсан бөгөөд газар газрын эрхэлж буй аж ахуй, тухайн орон нутгийн байгаль цаг уурын нөхцөлтэй тохируулан өөр өөр материалаар хийдэг байжээ.


Дархад, цаатнуудын хувьд эрс тэс уур амьсгалтай учраас цааны арьс, модыг ашиглан бөөв буюу модон өлгийг хийж урцнаасаа зүүдэг бөгөөд энэ уламжлал одоо ч хэвээрээ байгаа юм.


Хөвсгөлийн их тайгад дөрвөн улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж аж төрдөг тайгын иргэдийг цаатан гэж нэрлэдэг.


Цаатан иргэд Хөвсгөл аймгийн хамгийн хойд сум болох Цагааннуур сумын баруун, зүүн тайгад амьдардаг.


Өнөөдрийн байдлаар баруун, зүүн тайгад 200 гаруй иргэн цаа маллан амьдарч байна.

 

Связанные новости