“instax” камерын борлуулалт 100 сая давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /Kyodo/. Японы "Fujifilm" корпорацын “instax” камерын борлуулалт 100 саяас давсан талаар тус компани өнөөдөр мэдээлжээ. Гуч орчим жилийн өмнөөс худалдаалагдаж эхэлсэн энэхүү камерын шинэ загварууд Япон болон хилийн чанад дахь хэрэглэгчдийн сонирхлыг татсаар байна.
Анхны “instax” камер 1998 онд анх худалдаанд гарч байсан бөгөөд залуучуудын сонирхлыг илүүтэй татаж байлаа. Хэдийгээр хожим дижитал камер, ухаалаг гар утсаар гэрэл зураг авах нь хэвийн үзэгдэл болсон боловч энэхүү камер нь хуучныг санагдуулам хальсан дээр шууд хэвлэх функцээрээ хэрэглэгчдийн анхаарлыг татсан хэвээр байна.
Түүнчлэн 2024 оны гуравдугаар сар хүртэлх жилийн борлуулалт нь 150 тэрбум иен буюу 1 тэрбум ам.доллар болж түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Ингэхдээ дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутагт худалдаалагдсанаас нийт орлогын 90 гаруй хувь нь гадаадын зах зээлээс бүрдсэн гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.
"Fujifilm" мөн авч явахад хялбар гарын алганы хэмжээтэй загварууд болон ухаалаг гар утсаар авсан гэрэл зургуудыг “instax” цаасан дээр хэвлэдэг төхөөрөмжүүд зэргээр бүтээгдэхүүнийхээ хүрээг өргөжүүлсээр байгаа юм. Японд “instax”-ыг аялал, үдэшлэг, хурим гэх зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаанд ашигласаар байна.