ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Баян-Өлгий аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, хаваржилтын нөхцөл байдал болоод урьдчилан сэргийлэх хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцлаа.
Баян-Өлгий аймгийн хувьд 2,125,079 толгой мал
тоологдож, үүнээс хаваржилтын нөхцөл байдлын улмаас 10202 толгой мал хорогдсон.
Улмаар 874,911 мянган толгой эх мал төллөхөөс, 354,314 толгой хээлтэгч мал
төллөж, төл бойжилт 97,3 хувьтай байна.
Шар ус болон үерийн усны эрсдэлтэй бүсэд байгаа 8 сумын 1175
өрхөд аюулгүй газарт нүүн шилжих мэдэгдэх хуудас хүргүүлж, 524 өрхийг аюулгүй
газарт нүүлгэсэн.
Гол, нуурын болон уруйн үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх
хүрээнд үерийн эрсдэлтэй бүс болох Өлгий сумын дөрвөн багийн нутаг дэвсгэрт 9
байршилд үерийн усыг хуримтлуулах цооног, Өлгий сумын таван багийн нутаг
дэвсгэрт Ховд голын эрэг дагуу 5 км газарт, 2 метрийн өндөртэй, 1,5 метрийн
өргөнтэй үерийн далан босгосон. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж
байгаа Өлгий сумыг тойруулан барих үерийн далангийн ажил 82 хувийн гүйцэтгэлтэй
байна.
Хотон, Хурган нуур, Бага түргэний хүрхрээ, Толбо нуурын эрэг,
Ховд голын эрэг дагуу жил бүрийн зургадугаар дугаар сарын 15-наас есдүгээр сарын
15-ныг хүртэлх хугацаанд Онцгой байдлын газраас Цагдаагийн газар, сумдын Онцгой
комисстой хамтран хөдөлгөөнт болон байнгын эргүүлийг ажиллууласнаар усны ослын
дуудлага буурсан үзүүлэлттэй байгааг танилцууллаа.
Хошууч генерал Г.Ариунбуян урьдчилан сэргийлэх чиглэлээр
хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны хүртээмж, чанарыг сайжруулж, олон нийтийн
мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох
байгууллага, албан тушаалтнуудад анхаарууллаа.



