Нийгмийн даатгалын сангийн орлого 2024 оныхоос 315.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сан /НДС/-гийн орлого 2025 оны эхний улиралд 1 573.5 тэрбум төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 315.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Тус сангийн орлого өсөхөд
тэтгэврийн даатгалын сангийн орлого 259.4 тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн
даатгалын сангийн орлого 23.6 тэрбум төгрөгөөр нөлөөлсөн байна.
Сангийн зарлага энэ оны эхний улиралд 1443.2 тэрбум төгрөг болж, 2024 оны мөн үеийнхээс 326.9 тэрбум төгрөгөөр өсөхөд, тэтгэврийн даатгалын сангийн зарлага 278.8 тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 26.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ.
Тэтгэврийн даатгалын сангаас
эхний улиралд 513.8 мянган хүнд 1.3 их наяд тэрбум төгрөг олгосон аж. Энэ нь
2024 оны мөн үеийнхээс тэтгэвэр авагчид 13.2 мянгаар, олгосон тэтгэврийн
хэмжээ 279.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Уг сангаас
тэтгэвэр авагчдын 79.2 хувь нь өндөр настны, 12.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй
иргэний, 4 хувь нь тэжээгчээ алдсаны, 4.3 хувь нь цэргийн тэтгэвэр авагч байна. Тэтгэмжийн даатгалын сангаас оны эхний улиралд 47.7 мянган хүнд 117.4 тэрбум
төгрөг олгосон аж. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс тэтгэмж авагчид 17.3 мянган
хүнээр, олгосон тэтгэмж 46.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Жирэмсэн болон амаржсаны
тэтгэмжийг оны эхний улирлын байдлаар 13.3 мянган хүнд 51.5 тэрбум төгрөг
олгосон аж. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 2.6 мянган хүнээр, олгосон тэтгэмжийн
хэмжээ 19.2 тэрбум төгрөгөөр их байна.
Нийгмийн халамжийн үйлчилгээнд
оны эхний улирлын байдлаар 2.2 сая хүнд 643.6 тэрбум төгрөг олгосон аж. Энэ нь
2024 оны мөн үеийнхээс хамрагдсан хүн 102 мянгаар буурчээ. Харин олгосон
тэтгэвэр, тэтгэмж 60.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Нийгмийн халамжид хамрагдсан хүний 59.2 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмж, 7.1 хувийг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тусламж хөнгөлөлт, 6 хувийг нийгмийн халамжийн тэтгэмж, 3.9 хувийг нийгмийн халамж, хөгжлийн үйлчилгээ, 2.6 хувийг тэтгэвэр, 21.2 хувийг бусад үйлчилгээ эзэлжээ хэмээн Үндэсний статистикийн хороо мэдээлэв.