БАЯН-ӨЛГИЙ: Маршал Х.Чойбалсанд бэлэглэсэн алдарт жороо морины дурсгалын хөшөөг босгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-04-18 18:18:34

Өлгий, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. БНМАУ-ын баатар, маршал Х.Чойбалсанд аймгийн нийт иргэдийн нэрийн өмнөөс бэлэглэсэн алдарт саарал жороо морины дурсгалын хөшөөг үр хүүхдүүд, төрөл төрөгсөд нь аймгийн төв Өлгий хот руу нэвтрэх хаалганы хажууд босгосон нь тус аймагт моринд босгосон анхны хөшөө юм.




Баян-Өлгий аймаг байгуулагдсаны түүхт 10 жилийн ойгоор буюу 1950 онд аймгийн наадмын жороо морины уралдаанд түрүүлсэн алдарт уяач, шилийн сайн эр Т.Күнгейбай агсны саарал жороо морийг БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсанд аймгийн нийт ард түмний нэрийн өмнөөс бэлэглэсэн юм.


Тус аймгийг Ховд аймгаас өрх тусгаарлуулж, 1940 онд маршал Х.Чойбалсангийн санаачилгаар байгуулсан бөгөөд аймаг байгуулагдсаны 10 жилийн анхны тэгш ойгоо 1950 онд ёслол төгөлдөр тэмдэглэжээ. Ой тэмдэглэх комиссынхон аймгийн сэхээтнүүд, ард иргэдтэй маршалд ямар бэлэг өргөн барих талаар олон талаас нь тунгаан ярилцсан гэдэг. Ийн ярилцсаны эцэст тухайн үед аймагт алдраа цуурайтуулж, аймгийн наадмын жороо морины уралдаанд гурван удаа, өөр том наадмуудад олон удаа түрүү магнайгаар тодорсон аймгийн нэртэй уяач, шилийн сайн эр Тышабайн Күнгейбайн саарал жороо морийг бэлэглэхээр тогтсон байна. Т.Күнгейбай ч уясан хайртай хүлгийг нь маршалд бэлэглэх саналыг хүлээн авч, бүрэн тоногтой мөнгөн эмээлээр эмээллэж, аймгаас гарсан комиссын бүрэлдэхүүнд багтаад морио маршал Х.Чойбалсанд хүргэж өгчээ.




Өнгөрсөн жил маршал Х.Чойбалсанд бэлэглэсэн уг алдарт саарал жороо морины алдрыг мөнхжүүлж, дурсгалын хөшөөг Т.Күнгейбай агсны үр хүүхдүүд, төрөл төрөгсөд нь аймгийн төв Өлгий хот руу орох хаалга бүхий постны хажууд босгож, хүндэтгэлийн наадам зохион байгуулсан байна.

 

Алдарт хүлгийн дурсгалд зориулж Ардын уран зохиолч, СГЗ Р.Шынай шүлгийг, хөгжмийн зохиолч МУСТА З.Хуанган аяыг нь зохиож “Саарал жороо-Суры жорга” хэмээх дуу бүтээснийг уран бүтээлчид одоо ч баяр наадмуудаар эгшиглүүлж, морины хөшөөнд мөн бичиж мөнхжүүлсэн байдаг.



Связанные новости