БАЯН-ӨЛГИЙ: Төв номын сангаас уншигчдын дунд ном хандивлах аян зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-04-21 16:38:10

Өлгий, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдрийг угтан УГЗ Б.Ахтаны нэрэмжит Баян-Өлгий аймгийн төв номын сангаас уншигчдынхаа дунд 4 дүгээр сарын 21-нээс 5 дугаар сарын 9-нийг хүртэл ном хандивлах аян зарлалаа.


Уг аяны зорилгын талаар аймгийн төв номын сангийн захирал Д.Алтынгүлээс тодруулахад, “Манай номын сан Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан уншигчдынхаа дунд номын санд ном хандивлах аяныг зарлаж байна. Аяны зорилго оюуны үнэт хөрөнгө оруулах, үе үеийн уншигчдын оюуны хэрэгцээг ханган номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, түүнчлэн үнэт ховор ном хэвлэлийг номын сангийн сан хөмрөгт стандартын дагуу хадгалах, хамгаалах, хүүхэд залуучуудыг номд дуртай болгон хүмүүжүүлэхэд оршино” хэмээв.

 

Ном хандивлах аянд бүх насны уншигчдыг хамруулах бөгөөд хамгийн олон ном, үнэт ховор ном хэвлэлийг хандивласан уншигчдыг тухай бүр нь байгууллагын цахим хуудсаар олон нийтэд сурталчилж, мөн номыг үзэсгэлэн гаргаж олон нийтэд танилцуулах юм.


ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаар жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийг Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг 1995 онд баталжээ.



Связанные новости