ДАРХАН-УУЛ: Папиллома вирусний эсрэг дархлаажуулалт үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-04-21 18:38:57

Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Папиллома вирусний эсрэг дархлаажуулалтыг үргэлжлүүлэн хийж эхэллээ. Өнгөрсөн жил товлолын вакцинаас хоцорсон 12, 13, 14 настай хүүхдүүдэд уг дархлаажуулалтыг сургуульд суурилсан цэгээр дамжуулан үнэ төлбөргүй хийж эрсдэлээс урьдчилан сэргийлж байна.


Улсын хэмжээнд хийж буй уг дархлаажуулалт аймгийн хэмжээнд 17 хувьтай үргэлжилж байна гэж ЭМГ-ын тархвар судлаач Б.Одонтунгалаг мэдэгдлээ. Мөн тавдугаар сард 2014 онд төрсөн буюу 11 настай хүүхдүүдэд дархлаажуулалт хийхээр төлөвлөж байна.




Түүнчлэн хавдрын өвчлөлөөр улсын хэмжээнд өндөр, түүнээс урьдчилан сэргийлэх, хавдрын өвчлөлийг бууруулах зорилгоор дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлж байна гэв.


Шинж тэмдгийн тухайд: Үтрээнээс үл ялиг цус эсвэл ялгадас гарах, бэлгийн харилцааны дараа үтрээнээс цус гарах шинж тэмдэг илэрдэг. Иймээс эмэгтэйчүүд биед ямар нэгэн зовуурь, шинж тэмдэг илрээгүй үед ч 21-29 насны эмэгтэйчүүдийг 3 жил тутамд умайн хүзүүн эсийн шинжилгээ, 30-65 насны эмэгтэйчүүд умайн хүзүүний эсийн шинжилгээ болон хөхөнцөр вирус эрт илрүүлэгчийн шинжилгээг гурван жилийн давтамжтайгаар хамрагдахыг зөвлөдөг.


Урьдчилан сэргийлэхийн тулд жирэмснээс хамгаалах эм удаан хугацаагаар уухгүй байх, бэлгийн харилцаанд 18 наснаас өмнө орохгүй байх, бэлгийн олон хавьтагчгүй байх, уг вирусний халдвар авсан бол умайн хүзүүнээс эсийн шинжилгээ хөхөнцөр вирусний шинжилгээгээр илрүүлж болох ба мөн умайн хүзүүний өнгөт дурангийн шинжилгээгээр харахад хавдрын ба хавдрын өмнөх үеийн хучуур эд, ургацаг эсвэл шарх зэргийг оношилж болдог.

Хэрэв охид, эмэгтэйчүүд эрт оношлуулбал шинжилгээндээ тохирсон эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрдэг байна.

Связанные новости