Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-04-21 19:22:02

Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэн хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймагт гэрэл зургийг сурталчлах, бүтээлч залуусыг дэмжих зорилготой “Фотовийк-2025” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэн эхэллээ.


Аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, “Нарыг хайрла” гэрэл зурагчдын холбоо болон аймгийн Музей, сумдын Соёлын төвүүд хамтран Залуучууд театрын задгай танхимд зохион байгуулж байна. 

  

Гэрэл зурагчид, уран бүтээлчдийг дэмжиж бүтээлийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах, гэрэл зургаар Монгол Улсыг сурталчлах ажлын хүрээнд энэ сарын 21-27-ны өдрүүдэд “Фотовийк-2025" үйл ажиллагааг улс, орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байгаа юм.


Гэрэл зургийн долоо хоногийн үйл ажиллагаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж МГЗН-ийн зурагчдын “Хийморь” адууны гэрэл зургийн үзэсгэлэн болон Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийж байна.


Дарханы 10 гэрэл зурагчин өөрсдийн өнгө аясыг илтгэсэн шилдэг гэрэл зургуудаа дэлгэн үзэгчдэд толилуулж байна. Гэрэл зурагчид фото зургийг газар дээр нь хөнгөлөлтэй үнээр авч, угаах үйлчилгээг ч мөн үзүүлж байна. Түүнчлэн төгсөлтийн зургийн цомгийн булан гаргаж, зургийн студийн бүх төрлийн зургийн цомгийн загварыг дэлгэн харуулжээ.


Мөн аймгийн Музейн сан хөмрөгт хадгалагддаг Дархан хотын түүхэн гэрэл зургийг үзэж сонирхох боломжтой. Маргааш Шарын гол, Орхон, Хонгор сумын соёлын төвүүд гэрэл зургийн сэдэвчилсэн үзэсгэлэнг 7 хоногийн турш зохион байгуулах юм.


Цаашид “Фотовийк 2025” үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр гэрэл зургаар дамжуулан орон нутгийн соёл, байгаль, ахуй амьдралыг сурталчлах томоохон платформ болно гэж аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Х.Соёл-Эрдэнэ онцолж байна.



Связанные новости