АРХАНГАЙ: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулахад анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 / МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчдынхаа саналыг сонслоо.
-2022 онд батлагдсан бүтцийн дагуу 22 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байсан ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/89 дүгээр тушаалаар аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн бүтэц, орон тооны хязгаарыг батлахдаа тус газрыг 20 орон тоотой байхаар баталсан тул 2024, 2025 онд цалингийн өртэй ажиллаж байгаа юм. Иймд байгууллагын бүтэц орон тоог 24 байхаар өөрчлөн батлуулах,
-Түр хамгаалах байр болон Хүүхэд, гэр бүлд чиглэсэн сэтгэл зүйн үйлчилгээ нэн шаардлагатай тул орон тооны сэтгэл зүйч ажиллуулах, Хүүхдийн ордон ашиглалтад ороход шаардлагатай тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний зардал, орон тоо, тогтмол зардлыг шийдвэрлэх,
-Хүүхэд,
гэр бүлийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх, хурдан морины хүүхдийн эрхийг
хамгаалах, шинжээчийн дүгнэлт гаргах зэрэг яаралтай албан хэрэгцээнд ашиглах туулах
чадвар сайтай автомашин зэрэг хэд хэдэн хүсэлтийг тавьсан.
Л.Энх-Амгалан сайд хүсэлт бүрийг шийдвэрлэж ажиллана гэдгээ хэллээ.
Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь зөвхөн төлөвлөгөөний дагуу ажиллах биш гэр бүлийн хүрээнд ямар асуудал гарч байна, хүүхэд хамгаалах, хүүхдийн төлөвшил хүмүүжилд зориулсан чимхлүүр олон ажлуудыг санаачилж хийдэг ба түр хамгаалах байр, “Тамир” кино театр, хүүхдийн “Тамир” зусланг хариуцан ажиллуулдаг.
Тус газрын хүүхдийн төлөө хийсэн ажил бүр нь үр дүнгээ өгч байгааг Л.Энх-Амгалан сайд сайшааж байв.
Жишээлбэл, гэмт хэрэгт холбогдсон хүүхдээс байцаалт авахдаа гэр бүлийн, хөгжил хамгааллын газарт тусгай тохижуулсан өрөөнд мэдүүлэг авахуулдаг болсон. Цагдаагийн газар очиж мэдүүлэг өгөх, хүүхдэд зориулсан тохижилттой өрөөнд мэдүүлэг өгөх хоёрын хооронд асар том ялгаа бий. Мөн хүүхэд шүүх хуралд орохоор бол цахимаар орох боломжийг ч бүрдүүлсэн байна. Тамир зуслангаа сэргээж орон нутгийн өмчит болгож, цаашид бүсийн хэмжээний зуслан болгох зорилт тавин ажиллаж байна.
Хүүхэд хамгаалах явуулын үйлчилгээ ажиллуулж, хотын ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллаж, хөдөөгийн малчин айлуудаар танилцуулах аялал зохион байгуулдаг болсон нь хүүхдүүд багаасаа монгол ахуйтай танилцах боломжийг олгодог болсон. Эрсдэлгүй ирээдүйн төлөө архины эсрэг хөтөлбөрийг ч хэрэгжүүлдэг болсон юм.
Өвөл, хаврын морин уралдаанд
хүүхэд унаж,
уралдуулахыг хориглосны дагуу бүх сумаараа явж уяачидтай уулзан, уяач бүртэй гэрээ байгуулсан нь жишиг ажил болсон. Он гараад бүх сум, баг дээр нийгмийн ажилтнууд
ажилладаг болж, хамтарсан багийн үйл ажиллагаа өргөжиж, гэр бүлд чиглэсэн үйл
ажиллагаа чанаржиж, үр дүнгээ өгч эхэлсэн
зэрэг олон ажил байна.