БАЯН-ӨЛГИЙ: Ахмадуудын мэдээллийн технологийн “Хурдан” клуб байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ахмадын хороо, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Насан туршийн суралцахуйн төв, Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран ахмадуудын мэдээллийн технологийн “Хурдан” клуб байгууллаа.
Тус клуб нь ахмад настнуудад мэдээллийн технологийн боловсрол олгох, технологийг
илүү хялбар ашиглахад туслах, тэднийг интернэт орчинд ажиллах, компьютер,
ухаалаг тоног төхөөрөмж ашиглах чадварт сургах зорилготой.
Мөн ахмад настнуудыг нийгмийн идэвхтэй харилцаанд оруулах
боломжийг нэмэгдүүлэх, олон нийтэд технологийн ач холбогдлыг ойлгуулах, цахим
ур чадвартай иргэдийг бий болгоход ахмадын “Хурдан” клубийн зорилго
оршино.
Клубийн гол онцлог нь ахмадууд өөрсдөө суралцаад зогсохгүй, сурсан мэдлэгээ бусдад түгээх боломжтой болох бөгөөд энэ нь тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлж, цахим ур чадварын хөгжлийг илүү өргөн хүрээнд түгээх боломжийг олгоод зогсохгүй ахмадууд өөрсдийн мэдлэг, туршлагаа залуу үедээ хуваалцаж, харилцан суралцах орчин бүрдэхэд чиглэжээ.
Клубийн зохион байгуулалт уян хатан бүтэцтэй байх бөгөөд
гишүүдийн тоог хязгаарлахгүй юм.