АРХАНГАЙ: Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 / МОНЦАМЭ/. Архангай аймгийн шинэ спортын ордон “ARA arena” 2500 м.кв талбайтай. Нийт есөн заалтай. 1000 хүний суудалтай том заалаас гадна бэлтгэлийн заал зургаа, хоёр нь пара болон хөнгөн атлетикийн тамирчдад зориулсан заал юм.
Үүнээс гадна Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг саяхнаас нээн ажиллуулж эхэллээ.
Энэ төв нь зөвхөн тамирчдын ерөнхий биеийн хөгжил, тамиржуулалтын байдлыг үнэлээд зогсохгүй, цаашдын дасгал сургуулилалт, бэлтгэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.
Мөн сорилын үр дүнгээр тамирчдын шаардлагатай булчингийн хөгжил, техник ур чадварт үнэлгээ хийж, дутмаг байдалтай чиглэлүүдэд оновчтой ажиллах боломжийг олгодгоороо онцлогтой.
Энэ сарын 17-ны өдөр самбо, жүдо, жюү жицү төрлөөр зуны хүүхдийн спортын VIII наадамд оролцохоор бэлтгэлээ хангаж буй тамирчид бие бялдрын түвшин тогтоох сорилд орлоо.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээнд хүн бүрийн бие бялдрыг сайжруулах, зөвлөгөө өгөх чиглэлээр Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвд энгийн иргэд, байгууллага хамт олныг ч хамруулан ажиллаж байна.