АРХАНГАЙ: 2023 оны ОНХС-гийн зарцуулалт, үр дүнг танилцуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Төрийн аудитын байгууллагаас “Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг УИХ-ын Төсвийн байнгын хороонд Монгол Улсын Ерөнхий аудитор Дэлэгийн Загджав танилцууллаа.
Уг тайланг Архангай аймгийн Аудитын газар нэгтгэсэн юм.
Аудитыг орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, 21 аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны үйл ажиллагааг хамруулж хийсэн.
Улсын төсөвт 2023 онд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс аймаг, нийслэлийн ОНХС-д олгох байсан шилжүүлгийн хэмжээг 298 тэрбум 478.6 сая төгрөгөөр баталсан. Улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого өссөнтэй уялдуулан 2023 оны зургадугаар сард сангийн хөрөнгийг 71 тэрбум 460.7 сая төгрөгөөр нэмж тодотгосон юм. Түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас 174 тэрбум 450.7 сая төгрөгийн эх үүсвэрийг тус тус баталсан байна. Ингэснээр тухайн онд нийт 544 тэрбум 390.0 сая төгрөгийг тус санд төсөвлөсний 94.3 хувь нь бүрдсэн байна.
Тайлант хугацаанд нийт 8672 төсөл, арга хэмжээг 521 тэрбум 864.4 сая төгрөгөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулснаас 408 тэрбум 507.6 сая төгрөгийг зарцуулж, жилийн эцэст 105 тэрбум 238.2 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Харин аудитаар тус онд нийт 162 тэрбум 768.3 сая төгрөгийн зөрчил илэрчээ. Үүнд аймаг, нийслэл дэх төрийн аудитын газраас 550.8 сая төгрөгийн 62 төлбөрийн акт тавьжээ. Мөн 76 тэрбум 245.0 сая төгрөгт албан шаардлага, 85 тэрбум 908.7 сая төгрөгийн зөрчилд зөвлөмж, 63.8 сая төгрөгийн зөрчлийг шалгуулахаар хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
Аудитын дүгнэлтэд газрын тосны нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг 2023 онд бүрэн төвлөрүүлээгүй. Ингэснээр аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг дутуу санхүүжүүлсэн хэмээн тусгажээ. Мөн төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд иргэд олон нийтийн оролцоог бүрэн хангаагүй, төсөвт өртгийг хэт жижиглэснээр, тендер оролцогчгүй болох, ажил он дамжих, хугацаа алдах сөрөг нөлөөлөл байгааг дурдсан байна. Түүнчлэн удирдлагын мэдээллийн системд төсөл, арга хэмжээний мэдээллийг дутуу болон огт оруулаагүй байхад сангаас санхүүжилт олгох зөрчил давтагдсаар байгааг дурдсан юм.
Аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн дараах нэгдсэн дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:
-Газрын тосны нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг 2023 онд бүрэн төвлөрөөгүйгээс аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг дутуу санхүүжүүлсэн,
-Аймаг, нийслэл, сум, дүүрэг нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг эх үүсвэр тус бүрээр бүрэн төлөвлөх талаар санаачилгатай ажиллаагүй, төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд иргэд олон нийтийн оролцоог хангах үйл ажиллагааг хангалтгүй зохион байгуулсан,
-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг хэт жижиглэснээр, тендер оролцогчгүй болох, ажил он дамжих, хугацаа алдах сөрөг нөлөөлөл үүсгэсэн,
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд төсөл, арга хэмжээний үр дүн, үр өгөөжийг урьдчилан тооцолгүйгээр урсгал шинжтэй зардалд төлөвлөн зарцуулж байгаа нь сангийн хөрөнгийн үр дүн, үр өгөөжийг бууруулсан,
-Захиалагч талаас төсөл арга хэмжээний хэрэгцээ шаардлага, хүртэх үр өгөөж, холбогдох тооцоо судалгааг бодитой хийгээгүйгээс зарим аймагт чанаргүй, ашиглалтгүй хөрөнгө бий болж, тухайн орон нутагт ажлын байр нэмэх, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, тэдний орлого нэмэгдэх боломж алдагдсан,
-Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хариуцаж байгаа байгууллагын хяналт сулаас хөрөнгө эзэнгүйдэж, эвдэрч гэмтэн ашиглалтгүй болж, хөрөнгийг дахин засаж сэлбэх, урсгал засвар хийх шаардлага үүсэж, төсвийн зардлыг нэмэгдүүлсэн,
-Удирдлагын мэдээллийн системд төсөл, арга хэмжээний мэдээллийг дутуу болон огт оруулаагүй байхад сангаас санхүүжилт олгох зөрчил давтагдсаар байгааг таслан зогсоох,
-Шилэн дансны нэгдсэн цахим системд мэдээллийг дутуу, зөрүүтэй байршуулдаг, огт мэдээлдэггүй зөрчил нийтлэг байгаа нь иргэд олон нийтийг үнэн зөв, бодитой, мэдээллээр хангах боломжийг үгүйсгэж байна гэсэн дүгнэлтүүдийг тус тус хийсэн байна.