“Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурал Монголд “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан ирэх сарын 22-23-нд болох гэж байна.
Энэхүү хурлыг Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулах юм. Үүнийг угтаж Байгаль орчин, уур амьсгалын салбарт жендэрийн мэдрэмжтэй түншлэлийг хөгжүүлэх, жендэрт суурилсан төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилго бүхий Зөвлөлдөх уулзалтыг энэ сард холбогдох төрийн болон төрийн бус, иргэний нийгэм, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагуудыг оролцуулан зохион байгуулжээ.
Энэхүү хурал нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн жендэрийн хариуцлагатай бодлого, хөдөөгийн хүн амын аж байдлыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн платформ бий болгох, санхүүжилт, эмэгтэйчүүдийн манлайллын чадамжаар гаргасан санаачилга гэсэн агуулгын хүрээнд болсон байна. Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны газар, хэлтсийн дарга нар, олон улсын хурлын онцлог, зорилго, хүрэх үр дүнг танилцуулж, олон улсын хурлаас гарах уриалгын төсөлд санал авлаа.
Эдгээр санал, зөвлөмжийг хурлын гол үр дүн болох уриалгад тусгаж, Засгийн газраас олон
улсын түвшинд хэрэгжүүлэхэд оролцогч улс орнуудын хүчийг
нэгтгэх чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн 2026 онд
Монгол Улсад зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17
дугаар бага хуралд хувь нэмрээ оруулах юм.