ДОРНОГОВЬ: “Хутагтын хурд” хаврын бүсийн хурдан морины уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-04-24 13:59:40

Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. “Хутагтын хурд” Морин спорт, уяачдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Хутагтын хурд” хаврын бүсийн хурдан морины уралдаан энэ оны тавдугаар сарын 3-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд болно.


Уралдаанд их нас, соёолон, хязаалан насны морьд уралдах бөгөөд унаач хүүхдийн өвдгөвч, тохойвч, цээживч гээд аюулгүй байдлыг сайтар хянаж шаардлага хангасан хүүхдийг уралдуулна хэмээн тус холбооноос мэдээлэв.


Уралдааны үеэр мал эмнэлэг, хүн эмнэлэг, цагдаа, хүүхдийг эрхийг хамгаалах газар, морины даамлууд хурдан морьдын уралдааны явцад хяналт тавьж ажиллах юм. Энэ удаагийн хаврын уралдаанд Дорноговь аймгаас гадна бусад аймаг, сумдаас уяачид, унаач хүүхэд, хурдан морьтойгоо ирж оролцох эрх нь нээлттэй юм.


Ташрамд, Дорноговь аймгийн “Хутагтын хурд” Морин спорт уяачдын холбоо нь “Хутагтын хурд” хаврын хурдан морины уралдааныг 2007 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд олон аймаг, сумын уяачид морьдоо уяж оролцдог томоохон уралдааны нэг болон өргөжсөн байна. 

Связанные новости