ДОРНОГОВЬ: Олон зууны түүхтэй Луугарын тойром нэг ч удаа тасраагүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-12-03 11:02:03

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Тал нутаг, байгаль эхийн араншинг дагаж эргэх дөрвөн цагтай хамт нүүж аж төрөх монголчууд дэлхийд хосгүй олон өв соёлыг түгээн дэлгэрүүлсний нэг нь шагайн харваа юм. Шагайн харвааг эртнээс эдүгээ хүртэл үргэлжлүүлэн авч яваа говь нутгийнхны тухай энэхүү бичвэртээ онцоллоо.


Хээр талд монгол дээл өмсөж, улаан залаатай дөрвөн талт малгай тэргүүндээ залсан эрчүүд үе үе асар майхнаас уухайн дуу хадаах нь байгалийн өнгө төрх, амьтан жигүүртний явдалтай сүлэлдэн ер бусын эрчим хүчийг бий болгоно. Өнгөрсөн түүхийг сөхвөл, шагайн харвааны Халхын алдартай гурван тойрмын хоёр нь Булган аймагт, нэг нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Луугарын тойром байжээ.


Луугарын шагайн харваа нь Монголд томоохонд тооцогддог тойрмуудын нэг юм. Дээхэн үеийн харваачид Даланжаргалан сумын Нартын хадны дэргэдэх Луугарын хэмээх уул ус, ургамал амьтан сүлэлдсэн нутагт чуулж цэц мэргэнээ сорьж байсан уламжлалтай.


Урьдын өвгөчүүл, харваачид шагайн харвааг үе дамжуулан өвлүүлж ирсэн төдийгүй өмнөх нийгмийн үед ч нууцаар тоглож баясал цэнгэл эдэлж байсан түүхтэй.


Шагайн харвааны онцлог бол олон зуун жил  уламжлагдаж ирсэн бөгөөд нэг ч удаа тасраагүй өнөөг хүрчээ.

Шагайн харвааны түүхэн хөгжил нь XIII зууны үеэс эхтэй бөгөөд эхэн үедээ хаад ноёд өргөөндөө зугаацдаг наадгай байжээ. Харин нийгмийн хөгжлийн явцад ард түмний дунд дэлгэрч гэрийн жавар үргээх харваа, хүрээ хийдийн лам нарын харваа, мал хөнгөлөх, хот хороо ариусгах харваа, унага тамгалах, хадлан хадах үеийн харваа, бороо хур хүссэн харваа гэх мэт ахуйн чанартай болж иржээ. Харин уртын замд хошуу болон аймгаараа нийлж харвадаг болсон ба үүнийгээ тойрон харвах буюу тойрмын харваа гэж нэрлэх болжээ.




Шагай харвах болгонд байгаль дэлхий хураа хайрладаг. Бас зуншлага сайтай үед ойр хавийн айлууд ч Луугарын ус нутгаа тойроод буух нь элбэг. Өмнөх нийгмийн хавчигдмал нуугдмал үед хүмүүс энэ өвт тоглоомоо хадгалан авч үлдэхээр хадан дотор нуугдан цуглаж харвадаг байжээ.


Урьд цагт газар газрын харваачид тойром харвахаар морь, тэмээн тэргээ хөсөглөж ачаа тэнгээ татаж Луугарын тойрмыг зорьжээ. Нэгэн удаа халхын дөрвөн тойрмын харваачид Луугарын тойромд цугларахад говийн тавдугаар ноён хутагт Лувсанданзанравжаа, Зоригт вангийн хошууны мэргэн лам тэргүүтэй баг шагай харваж тэнцэж байсан түүх ч бий.


Шагайг зурхайгаас есөн тохой буюу 4.72 метр зайнаас харвана. Зурхайн голд байх хасааг онох бөгөөд харвах хэрэгслийг хашлага, сум гэнэ Хашлага дээр сумаа тавьж байгаад нясалж харвана. Анх далны ясан дээрээс шагай нясалдаг байжээ.  Хашлагыг хар сэндэм, цагаан зандан модоор хийдэг бол сумыг яшил, хар суман мод, эсвэл бугын эвэр, зааны ясаар хийнэ. Тойром харвахдаа бие биеэ заавал хожихыг урьтал болгодоггүй. Хэн сайн харваж байгааг эхлээд таньж мэдэх. Дараа нь гурван өрөг шувтрахын баримжаанд тэнцэж сонирхолтой тоглохыг илүүд үздэг байжээ. Эв санаа, зорилго, итгэл сэтгэл нийлсэн зургаан хүн нэг баг болж өрсөлдөнө.


Нийллэг үе буюу багийн хоёр хүн эсрэг багийн хоёр хүнтэй нийлж суугаад харвадаг. Харваач тус бүр дөрвөн сум харвана. Дараагийн харвааг шувтарга мэргэ, ноён үе гэх зэргээр нэрлэнэ. Ахмад настай хүнийг хүндэтгэн майханд нь очиж нааддаг. Модны эзэн баг модныхоо баруун талд суудаг. Бусад багийн майханд очиж тоглохоор явахдаа тусгай дэгийн дагуу майхныг нь нар зөв тойрон очиж тоглоно.Тоглож дуусаад идээ будаа, айраг идээгээ сөгнөн танилцаж, хол ойрын сонин сайхан, байгаль цаг агаар, аж амьдрал, нутаг усны сайн харваач, цэцдийн тухай хуучилдаг байжээ.


Эдүгээ шагайн харваа нь Монголын ард түмний үндэсний уламжлалт спортын нэгэн төрөл болон өргөжиж байна. Дорноговь аймгаас шагайн харвааны 100 гаруй улсын цолтон төрсөн бөгөөд энэ спортоор хичээллэх хүүхэд, залуусын тоо жил бүр нэмэгдэж байгаа юм. Дорноговь аймгийн Айраг, Өргөн сумын харваачид Дорноговийн салбарын ихэнх хувийг эзэлдэг.


Сүүлийн үед Дорноговь аймгийн шагайн харваачид улсын наадмын шагайн харваанд тогтмол эхний байруудад шалгарч байгаа төдийгүй Монголын шагайн харвааны холбооноос зохион байгуулдаг хуваарьт багтсан өндөр чансаатай бүх томоохон тэмцээнд тэргүүлсэн амжилтыг үзүүлээд байна.


Тухайлбал, улсын баяр наадмын шагайн харвааны багийн төрөлд Дорноговь аймгийн уугуул, Монгол Улсын гарамгай мэргэн З.Баясгалан ахлагчтай “Хул шанд” ХХК-ийн баг 2003,2006 онд, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн баг 2017, 2018 онд, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Баттулга ахлагчтай “Номт даншиг” ХХК-ийн баг 2022 онд тус тус тэргүүн байрт шалгарч байжээ.


Связанные новости