"Реал Мадрид" Испанийн цомын финалын тоглолтыг бойкотлохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-04-26 12:55:50

МАДРИД, 2025 оны дөрөвдүгээр сарын 26 /TASS/. Испанийн цомын тэмцээний финалд “Барселона” багтай тоглохоос татгалзах тухай асуудал огт яригдаагүй гэж "Реал Мадрид” клубийн хэвлэлийн алба мэдээлжээ.


Тоглолт өнөөдөр Севилье хотод болох юм. "Реал Мадрид" баг тоглолтын өмнөх бэлтгэл, хэвлэлийн бага хурал хийхээс татгалзсан гэж Испанийн эзэн хааны хөл бөмбөгийн холбооны хэвлэлийн алба өмнө нь мэдэгджээ. Түүнчлэн "El Chiringuito" телевизээр тус клуб тоглолтыг "бойкотлохоор" хэлэлцэж байна гэж мэдээлсэн байна.


"Сүүлийн үед гарсан цуурхлуудтай холбогдуулан маргааш болох финалын тоглолтод оролцохоос татгалзах хувилбар клубт огт яригдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэж клубийн хэвлэлийн алба өчигдөр мэдэгджээ.


Өмнө нь “Реал” клубийн телевиз финалын тоглолтын гол шүүгчээр Бургос Бенгоэчеаг томилсныг шүүмжилсэн нэвтрүүлэг цацжээ. Уг нэвтрүүлэгт шүүгч тус багийн өрсөлдөгчдөд давуу байдал олгосон гэж үзэж болох шийдвэрүүдийг гаргаж байсан зарим тоглолтыг дурдсан байна. 


Тоглолтын өмнөх өдөр шүүгч Б.Бенгоэчеа хэвлэлийн бага хуралд оролцох үеэрээ сүүлийн үед шүүгчдэд шударга бус дарамт шахалт үзүүлж байна хэмээн мэдэгджээ. Харин “Реал” клубийн зүгээс уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэн байна. 

Связанные новости