Ватикан: Шинэ папыг сонгох нууц зөвлөгөөн тавдугаар сарын 7-нд эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-04-29 10:10:42

ВАТИКАН, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /BBC/. Дараагийн пап ламыг сонгох нууц зөвлөгөөнд оролцохоор кардиналууд ирэх сард цугларна гэж Ватиканы хэвлэлийн алба мэдэгджээ. Систин сүмд тавдугаар сарын 7-нд эхлэх хаалттай уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 135 кардинал оролцоно.


Улаан өндөгний баярын маргааш 88 насандаа таалал төгссөн Пап Францисыг оршуулах ёслол өнгөрсөн бямба гарагт болсон юм. Дараагийн пап ламыг сонгоход хэр хугацаа шаардагдах талаар тодорхой заасан хугацаа байхгүй боловч 2005, 2013 онд болсон өмнөх хоёр хурал хоёр өдөр үргэлжилж байв.


Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни хэлэхдээ, кардиналууд Гэгээн Петрийн сүмд болох ёслолын ажиллагаанд оролцох бөгөөд үүний дараа санал өгөх эрхтэй хүмүүс Систин сүмд цугларч, нууцаар санал хураана гэлээ. Кардиналууд Систин сүмд орсныхоо дараа шинэ папыг сонгогдох хүртэл гадаад ертөнцтэй ямар ч холбоогүй байх ёстой.


Нууц зөвлөгөөний эхний өдрийн үдээс хойш ганцхан удаа санал хураалт явуулдаг бөгөөд үүний дараа кардиналууд өдөр бүр дээд тал нь дөрөв удаа санал өгөх ажээ. Шинэ папыг сонгоход гуравны хоёрын олонхын санал шаардлагатай бөгөөд үүнд цаг хугацаа шаардагддаг байна.


Хэрэв хурал гурав дахь өдрөө ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр дуусвал кардиналууд залбирал үйлдэхээр түр завсарлаж болно. Систин сүмийн гадна байгаа хүмүүс уг сүмийн яндангаас гарч буй утааг ажиглах ёстой. Хар өнгийн утаа гарвад дахин санал хураалт явагдана, харин цагаан болбол шинэ пап лам сонгогдсоныг илтгэнэ.


Өнгөрсөн бямба гарагт Пап Францисыг оршуулах ёслол Гэгээн Петрийн талбайд болж, улс төрчид болон хааны удмын гэр бүлийнхэн тэргүүтэй олон мянган хүн гашуудлын цуглаанд оролцсон юм. Ёслолын дараа Ромын гудамжуудад олон мянган хүн цугларч, пап ламын авсыг Санта-Мария-Мажоре сүм рүү аваачиж буйг харжээ.




Связанные новости