ДАРХАН-УУЛ: Англи хэлний ахисан шатны сургалтын хөтөлбөрт 104 сурагч хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-04-30 17:55:29

Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн засаг дарга бөгөөд Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Азжаргалын санаачилгаар “IELTS-100” хөтөлбөрийг гурван сарын турш хэрэгжүүлж, өнөөдөр хаалтын үйл ажиллагаа боллоо.


“Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЕБС-ийн 10,11-р ангийн сурагчдад зориулсан уг сургалтын хөтөлбөрөөр дамжуулан англи хэлний мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхийг зорьсон байна.


Хөтөлбөр эхлэхэд 775 сурагч бүртгүүлснээс 545 сурагч шалгалт өгчээ. Үүнээс 5.75-аас дээш оноотой 104 сурагч сүүлийн шатанд тэнцэж, англи хэлний ахисан шатны академик сургалтад сууж ийнхүү гэрчилгээгээ гардан авч байна.




Хөтөлбөрт хамрагдсанаар сурагчид гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах өргөдлөө илгээхэд шаардлагатай англи хэлний олон улсын оноондоо хүрэх, дэлхийн боловсролыг эзэмших анхны том алхмаа хийсэн гэж хөтөлбөрийг хамтран зохион байгуулагч "Ви Ай Пи" сургалтын төвийн захирал П.Энхжин онцоллоо.


Төсөл, хөтөлбөрийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн хамт олон удирдан зохион байгуулж, боловсролын газар, ЕБС-иудтай уялдаа холбоотой ажиллажээ.


Сурагчид хөтөлбөрт хамрагдан сургалтад суухын зэрэгцээ спортын болон аяллын хөгжлийн хөтөлбөрүүдэд сонирхлын дагуу хамрагдаж өөрийгөө нээх, тухайн чиглэлийн мэргэжлийн үг хэллэгээс суралцсан байна.




Хаалтын үйл ажиллагаа Залуучууд театрын их танхимд болж сурагчдад гэрчилгээ гардууллаа. Энэ үеэр аймгийн засаг дарга хөтөлбөрт хамрагдсан сурагчдад хандан баяр хүргэж, сурсан мэдсэнээ илүү хөгжүүлж, өөрийн сурахыг хүсэж буй сургуульдаа шалгалтаа өгч өндөр оноо авч мэргэжлээ зөв сонгохыг уриаллаа.  


Мөн хөтөлбөрт хамрагдсан сурагчдыг зуны амралтаараа "Зулзага" хүүхдийн зусланд амрах эрх болон шилдэг дөрвөн сурагчийг тус бүр таван зуун мянган төгрөгийн эрхийн бичгээр шагнан урамшууллаа.


Ташрамд, уг хөтөлбөрийг "Ви Ай Пи" сургалтын төвийн захирал П.Энхжин, "Eduzone" сургалтын захирал Л.Туяа, Хүмүүнлэг академийн захирал З.Болорсувд, "Passion Education" сургалтын төвийн захирал Б.Хишгээ нар гурван сарын турш хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлжээ.

Связанные новости