БАЯНХОНГОР: Хаус хорооллын загварын байрыг долоодугаар сард танилцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-05-02 10:30:22
Баянхонгор, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэргэжлийн байгууллагын удирдлага, инженерүүдтэй уулзалт хийж, орон нутагт хэрэгжих төслүүдийн хэрэгжилтүүдийг хангуулах, хяналт тавих, удаашралтай ажлуудыг төрийн байгууллага оролцоогоо ханган шуурхайлахыг чиглэл болгов.

Баянхонгор аймгийн Шинэ суурьшлын бүсэд байгуулах хаус хороолын ажил удахгүй эхлэхээр бэлтгэл ажлуудаа хангаж байгаа бөгөөд дэд бүтцийн зарим асуудлыг шийдвэрлэснээр ирэх долоодугаар сард бүрэн цутгамал хаусын загварын байрыг бэлэн болгон хэрэглэгчдэд танилцуулж, захиалгаа авахаар төлөвлөжээ.
Аймгийн Засаг дарга уулзалтын үеэр амины орон сууцны мкв-ын үнэ орон сууцны мкв-ын үнээс дээшгүй байхад анхаарч үйл ажиллагаагаа эхлүүлэхийг тус төслийг гүйцэтгэгч талд анхааруулав. Төслийн гүйцэтгэгчээр “Олон гарам” ХХК ажиллаж байна.

Төлөвлөгөөний хүрээнд тус компани төмөр бетон бүтээц - хийцийн үйлдвэрээ байгуулж, тасралтгүй үйлдвэрлэл явуулах материаллаг баазаа бий болгон, 40 тоннын гүүрэн кран, уураар хатаагч зуух, хэв хашмал зэргийг угсран төмөр бетон торхыг үйлдвэрлэх бэлтгэл ажлуудаа хангажээ.

Олон улсын стандарт байдлаар цогцлоох хаус хорооллыг ашиглалтад оруулснаар Баянхонгор суманд иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин нөхцөл бүрдэх бөгөөд хаус хорооллын квадрат талбайн сонголтыг уян хатан нөхцөлтэй, заслыг чанар, стандартад нийцүүлж хийх юм.

Төвлөрлийг сааруулах, Баянхонгор сумыг тэлэх зорилгоор орчин үеийн дэвшилтэт технологи, дэд бүтцийн оновчтой шийдэл бүхий шинэ суурьшлын бүсийн ажлыг 2020 оноос эхлүүлэн бүтээн байгуулалтыг шат дараатай хийж байна.


Связанные новости